Тагнуулын ерөнхий газраас "Херо" Б.Баатарыг баривчлан, цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсний дагуу шүүх хуралдаан эхэлж, шүүхийн байрны гадна "Монгол хаан" жүжгийн уран бүтээлчид цуглаад байна. Тус жүжгийн гүйцэтгэх продюсер, жүжигчин А.Баярцэцэг үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар өгөхдөө, уран бүтээлчдийн баг сүүлийн хоёр жилийн хугацаанд шаардлагатай бүх тайлбар, санхүүгийн баримтаа өгч шалгуулж ирснийг онцоллоо. Тэрбээр улсаас болон Соёлын яамнаас санхүүжилт авсан, Английн хэвлэл мэдээллийн компанийг ашигласан гэх мэдээллүүдийг үндэслэлгүй гүтгэлэг хэмээн үгүйсгэж, процессыг улс төрийн зорилготой ажиллагаа гэж харж байгаагаа илэрхийлсэн юм.
"Монгол хаан" жүжиг нь Английн Уэст Энд дэх Колизеум театрт амжилттай тоглогдсоноос хойш Сингапур, Япон, Оросын Владивосток зэрэг зургаан оронд ганцхан жүжгээрээ 200 гаруй мянган үзэгчид хүрсэн болохыг А.Баярцэцэг тэмдэглэв. Жүжигт шаардлагатай хөрөнгө оруулалтыг Сингапурын "Marina Bay Sands" зэрэг олон улсын театрууд болон продюсерууд татан гаргасан бөгөөд Монгол Улсын төсвөөс мөнгө аваагүй гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн ирэх оны 3 дугаар сард Турк улсад, 7 дугаар сард Бродвейн продюсеруудтай байгуулсан гэрээний дагуу Нью-Йоркийн Бродвейд тоглохоор төлөвлөж байсан ч ерөнхий найруулагчгүйгээр жүжгийн техникийн шинэчлэл, найруулгын өөрчлөлтүүдийг хийх боломжгүй тул олон улсын томоохон гэрээнүүд цуцлагдаж, төсөл гацахад хүрээд байгааг анхаарууллаа.
Мөн иргэдийн жагсаалын үеэр "Монгол хаан" жүжгийн лого бүхий малгайтай хүн байсан талаар хэлэхдээ, жүжгийн мерч бүтээгдэхүүнүүд Таван богд болон И-Март дэлгүүрүүдээр чөлөөтэй худалдаалагддаг тул иргэд өөрсдөө авч өмсөхийг хянаж болохгүй, үүнийг жүжиг эсвэл цуглаантай шууд холбох нь үндэслэлгүй гэв. Жүжигчний хэлснээр хилээр гарах эрхийг нь хязгаарлах зэрэг бусад сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг цагдан хорилгүйгээр шалгах боломжтой бөгөөд энэ төслийн ард 100 гаруй уран бүтээлчийн амьдрал, олон сарын хөдөлмөр байгаа тул шүүхийг шийдвэрээ зөв гаргаасай хэмээн хүсэж байгаагаа илэрхийллээ.





