• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Б.Баатар: “Би ямар ч жагсаал цуглаан зохион байгуулаагүй, гүжир гүтгэлэг цаг хугацааны явцад ил болно”

Б.Баатар: “Би ямар ч жагсаал цуглаан зохион байгуулаагүй, гүжир гүтгэлэг цаг хугацааны явцад ил болно”

Найруулагч Б.Баатар түүний нэр холбогдоод байгаа жагсаал цуглааны асуудал болон хууль хүчний байгууллагаас шалгаж буй асуудлуудын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

"Жагсаал зохион байгуулсан гэдэг нь үндэслэлгүй"

Тэрээр залуусын өрнүүлсэн жагсаал болон "Монгол хаан" малгай өмссөн асуудалтай холбогдуулан "Ардчилсан нийгэмд иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй. Залуус өөрсдийн сонголтоор хувцас өмссөний төлөө намайг жагсаал зохион байгуулсан гэж буруутгаж, цагдаагаар шалгуулж байгаа нь байж боломгүй зүйл" хэмээн мэдэгдэв. Мөн өөрийг нь сүүлийн хоёр жилийн хугацаанд олон төрлийн үндэслэлээр шалгаж, гүжир гүтгэлийн шинжтэй асуудлуудад ороож байгааг онцоллоо. 

  • Орон сууц болон бизнесийн асуудал: "Американ стандарт" компанийн захиралтай хэвийн бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд ажилласан бөгөөд хэн нэгнийг дээрэмдсэн, хохироосон зүйл байхгүй, цэвэр бизнесийн зарчмаар явсан гэв.

  • Улсын төсөв ба тендер: "Hero Entertainment" нь улсын төсвөөс эд материал, төсөв авч, тендерт оролцож байгаагүй. Наадам болон бусад төрийн зарим арга хэмжээг сайн дурын үндсэн дээр найруулан хүргэж байснаас биш улсаас санхүүжилт авч завшаагүй гэдгээ мэдэгдэв.

  • Барилгын асуудал: Сүхбаатарын талбайн ойролцоох барилгын талаар тодруулахад, энэ нь түүний найз Эко Даваагийн хийж буй бизнес бөгөөд өөртэй нь ямар ч холбоогүй болохыг тайлбарлалаа.

Б.Баатар найруулагч хэлэхдээ, "Үнэн өөрөө ялдаг. Одоо миний эсрэг чиглэж байгаа энэ гүтгэлэг, дарамт нь дараа дараагийн уран бүтээлчид, сэтгүүлчдийн үг хэлэх эрх чөлөөнд заналхийлж байгаа учраас анхаарах ёстой асуудал" хэмээн тэмдэглэв.

Түүнчлэн тэрээр "Монгол хаан" жүжиг дэлхийн 6 орны тайзнаа амжилттай тоглогдсоныг дурдаад, одоо Бродвей болон Турк, Европын аялан тоглолтын бэлтгэл ажилдаа анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа хэллээ.