• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав

Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо (МБХ) макро зохистой бодлогын асуудлаар хуралдаж, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын хөрвөх чадварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр чухал шийдвэр гаргалаа.

Шийдвэрийн дагуу банкуудын 2026 оны 10 дугаар сарын 1-нээс хойш гадаад зах зээлээс татсан, 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай эх үүсвэрт 25 хувиар заавал байлгах нөөц (ЗБН) тооцохоор болж байна.

Өмнө нь Төв банкнаас нэг жилээс дээш хугацаатайгаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг ЗБН-ээс бүрэн чөлөөлдөг байсан бол ийнхүү макро зохистой бодлогын шинэ зохицуулалтаар өөрчлөлт оруулж байна. Энэхүү алхам нь гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа өнөөгийн үед банкуудын гадаад валютын эх үүсвэрээс хамаарах хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах, улмаар банкуудыг илүү урт хугацаатай (3-аас дээш жил) эх үүсвэр татах сэдлийг урамшуулах зорилготой аж.

Банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал ба эмзэг байдал

Сүүлийн жилүүдийн тоо мэдээнээс үзэхэд дотоодын банкуудын гадаад зах зээлээс татсан бонд болон зээлийн нийлбэр дүн эрчимтэй өсөж, салбарын нийт эх үүсвэрийн 19 орчим хувийг бүрдүүлэх болжээ. Үүний зэрэгцээ салбарын зээл ба хадгаламжийн харьцаа 138 орчим хувьд хүрээд байна.

Олон улсын судалгааны ажлуудаас үзэхэд хөгжиж буй орнуудын банкны системд балансаас үүдэлтэй эмзэг байдалд онцгой анхаарах шаардлагатай байдаг. Ялангуяа банкны актив (хөрөнгө), пассив (эх үүсвэр) дахь валютын болон хугацааны зөрүү нэмэгдэх нь тухайн системийн эрсдэлийг гүнзгийрүүлдэг гол хүчин зүйл болдог байна. Монголбанкны энэхүү шийдвэр нь уг зөрүүг зохистой түвшинд барьж, дунд хугацааны эрсдэлийг хазаарлахад чиглэжээ.

Санхүүгийн систем эрсдэл даах чадвартай юу?

Сайн мэдээ нь Монгол Улсын банкны салбарын системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурч, санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжсэн байна.

Стресс тестийн дүн: Монголбанкнаас хийсэн сүүлийн үеийн стресс тестийн дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шок, хүндрэл үүссэн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон эрсдэл даах чадавх хангалттай зохистой түвшинд хадгалагдахаар байна.

Хэдийгээр өнөөгийн байдлаар систем тогтвортой, банкуудын эрсдэл даах чадвар сайн байгаа ч Төв банкны зүгээс ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү урьдчилсан хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бодлогын шинэ зохицуулалт нь банкуудыг богино болон дунд хугацааны валютын өр төлбөрөөс илүүтэйгээр, урт хугацааны тогтвортой санхүүжилт рүү тэмүүлэх хөшүүрэг болох юм.