• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “Хараагүй хүмүүсийн хөгжлийн төв”-д олгосон санхүүжилтээс зөрчил илэрч, шалгалтын ажил эхэлжээ

“Хараагүй хүмүүсийн хөгжлийн төв”-д олгосон санхүүжилтээс зөрчил илэрч, шалгалтын ажил эхэлжээ

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 106.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагаас 11.1 мянга нь харааны бэрхшээлтэй иргэд байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-наас эдгээр иргэдийн ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч, их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг шат дараатай хийсээр иржээ.

2025 он: 3.9 тэрбум төгрөгийн шинэчлэл

Өнгөрсөн 2025 онд тус төвийн үйлдвэрийн барилгад 1.22 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдсэн байна. Мөн улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг тусгаснаас оёдол, хэвлэл, сав баглаа боодлын үйлдвэрийн болон Брайль төхөөрөмж зэрэг 2.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шинээр авч өгчээ.

Талуудын мэдээлснээр, 2025 оны төсвийн хуулийн дагуу дараах санхүүжилтүүд хийгдсэн байна. Үүнд:

  • Сав баглаа боодлын тоног төхөөрөмж: 815.4 сая ₮

  • Хэвлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж: 397.5 сая ₮

  • Брайль тусгай зориулалтын төхөөрөмж: 368.9 сая ₮

  • Компьютер, дагалдах хэрэгсэл: 170.7 сая ₮

  • Оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмж: 116.2 сая ₮

  • Ажилчдын чийрэгжүүлэлт, эмнэлэг, дуу гэрлийн тоног төхөөрөмж: 89.5 сая ₮

  • Үйлдвэрийн барилгын их засвар: 1.22 тэрбум ₮

2026 он: Өргөтгөл болон модон эдлэлийн үйлдвэрийн шинэчлэл

Үйлдвэрлэлийн шинэчлэл энэ онд ч үргэлжилж байна. 2026 оны төсөвт өргөтгөлийн барилгын засварт 200 сая төгрөг, тоног төхөөрөмж нийлүүлэхэд 700 сая төгрөгийг тус тус тусгажээ.

Өнөөдрийн байдлаар нийт 685.3 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулагдаж, эхнээсээ ажилчдын гар дээр очиж байна. Үүнд:

  • Модон эдлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж (381.5 сая ₮)

  • Хөгжим, соёлын танхимын тайзны тоног төхөөрөмж (131.8 сая ₮)

  • Албан хэрэгцээний автомашин (105 сая ₮)

  • Харуул хамгаалалт, дохиолол, камерын систем (35.1 сая ₮)

  • Ажилчдын цайны газрын тоног төхөөрөмж (31.9 сая ₮) зэрэг багтжээ.

Их хэмжээний хөрөнгө оруулалтын ард санхүүгийн зөрчил илэрчээ

Төрөөс харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэрбум тэрбумаар нь санхүүжилт шийдвэрлэж байгаа ч тус төвийн дотоод удирдлагын түвшинд асуудал үүссэн байна.

Тодруулбал, “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн зарим удирдах албан тушаалтнуудтай холбоотой санхүүгийн зөрчлийн баримтууд илэрсэн тул ГБХНХЯ-аас тус төвд аудитын болон дотоод шалгалтын ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа аж.

Улсаас нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэн төсөвлөсөн хөрөнгө мөнгө эзэндээ үр дүнтэй хүрэх ёстой ч дунд шатанд санхүүгийн зөрчил гаргасан эсэхийг хууль, хяналтын байгууллагын шалгалтаар эцэслэн тогтоох юм.