Эрүүл мэндийн салбарын эксперт Д.Нарангэрэл АНУ, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй дэгдэж буй "Cyclospora" шимэгчийн халдвараас сэрэмжлүүлж, манай улсад ч энэ намар гэдэсний замын халдвар гарах магадлал их байгааг анхаарууллаа.
Гадаад улсуудад нөхцөл байдал ямар байна вэ?
Өнөөдрийн байдлаар АНУ-ын 34 мужид "Cyclospora" шимэгчээр үүсгэгдсэн гэдэсний халдвар дэгдэж, 6000 гаруй хүн өвдөөд байгаа бөгөөд Мичиган мужид 2 хүн нас баржээ. Түүнчлэн уг халдвар Их Британи (Англи) улсад хэдийнэ бүртгэгдээд байна.
Эмч, мэргэжилтнүүд энэ удаагийн дэгдэлтийн үед илэрч буй суулгалтыг “ТЭСРЭЛТТЭЙ СУУЛГАЛТ” хэмээн тусгайлан онцолж байгаа юм. Халдвар голдуу саладны ногоон навч болон бусад жимс, ногоогоор дамжсан байх өндөр магадлалтай аж.
"Cyclospora" гэж юу вэ? Өвчин хэрхэн дамждаг вэ?
-
Сэжигтэн бичил шимэгч: Cyclospora нь хүний өтгөнөөр бохирдсон ус болон хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг бичил шимэгч юм.
-
Түгээмэл дамжих замууд: Бохирдсон шанцай (саладны навч), вандуйн навч, нарийн ногоо, янз бүрийн жимс жимсгэнэ болон түүхий усаар дамждаг.
-
Шинж тэмдэг хэзээ илрэх вэ?: Шимэгч биед нэвтэрснээс хойш 1–2 долоо хоногийн дараа усархаг суулгалт өгөх, гэдэс хүчтэй базлах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Анхаар: Нийслэл Улаанбаатар хот шиг гол, усаа ихээр бохирдуулсан орчинд энэ намар уг халдвар дэгдэх эрсдэл нэн өндөр байна.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-
Жимс, хүнсний ногоог урсгал усаар маш сайн угааж, боломжтой бол хальсалж хэрэглэх.
-
Саладны навч, шанцай зэрэг навчит ногооны гадна талын бохирдол ихтэй давхаргыг хуулж хаях.
-
Усыг заавал буцалгаж эсвэл баталгаатай цэвэршүүлж уух.
-
Бохирдолтой байж болзошгүй гол мөрөн, цөөрмийн усанд орохоос татгалзах.
-
Гүйлгэх, суулгах, гэдэс базлах зэрэг шинж тэмдэг илэрвэл дур мэдэж эмчлэхгүйгээр яаралтай мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аваарай.





