ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр болов

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралаас өгсөн чиглэл, үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна. Томилолтын гол зорилго нь манай улсын дотоодын түлш, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон тус улсын шатахууны гигант нэгжүүд болох “Роснефть”, “Газпром нефть” компаниудын удирдлагуудтай ажил хэрэгч уулзалт хийж, шатахуун нийлүүлэлтийн асуудлаар чухал тохиролцоонд хүрсэн байна.

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Хэлэлцээрийн үр дүнд ОХУ-аас энэ наймдугаар сард багтаан манай улсад:

  • 25 мянган тонн АИ-92 автобензин,

  • 5 мянган тонн онгоцны түлшийг нэмэлтээр нийлүүлэхээр боллоо.

ОХУ-ын хувьд одоогийн байдлаар дотоодын зах зээлдээ амаргүй, хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хүндэтгэн Монгол Улсад түлш, шатахууныг тасалдалгүй, тогтвортой нийлүүлэхээ илэрхийлсэн юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням урьд өмнө тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үед дэмжлэг үзүүлж, түлш шатахууны нийлүүлэлтийг баталгаажуулж байгаад ОХУ-ын Засгийн газар болон тус улсын аж ахуйн нэгжүүдэд гүн талархал илэрхийлэв.

Энэхүү нэмэлт нийлүүлэлт хийгдсэнээр дотоодын зах зээлд АИ-92 автобензин болон агаарын тээврийн түлшний нөөц нэмэгдэж, шатахууны хэрэглээ тогтворжиход чухал ач холбогдолтой юм.