Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах нийгмийн баталгааг хуульчлан баталгаажуулсан билээ.
Уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоол болон 2025 оны 215 дугаар тогтоолоор тус тус шинэчлэн баталж, төсвийн хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагуудад олгодог.
Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын сайдаас их, дээд сургуулиудын ректор, захирлуудад "Чиглэл хүргүүлэх тухай" 01/4778 тоот албан бичгийг илгээлээ.
Боловсролын яамнаас дээрх журмын шаардлага хангасан элсэгч, суралцагчдын сургалтын төлбөрийн санхүүжилт болон өмнөх (1-6 сарын) үлдэгдэл төлбөрийг шийдвэрлэхээр Сангийн яам болон холбогдох бусад байгууллагуудтай шаардлагатай тооцоо, судалгааг гарган ажиллаж байна.
Иймд төрийн санхүүжилт орж ирэхийг хүлээх шалтгаанаар шаардлага хангасан элсэгч, суралцагчдын суралцах эрхийг хязгаарлахгүй байхыг их, дээд сургуулиудын удирдлагуудад анхаарууллаа. Тодруулбал:
-
Оюутнуудыг хичээл сонголтоо ямар нэгэн бэрхшээлгүй хийх нөхцөл бололцоогоор бүрэн хангах;
-
Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн, саадгүй эхлүүлэхийг чиглэл болгосон байна.
Энэхүү шийдвэр нь олон жил боловсролын салбарт тасралтгүй, үр сэтгэлтэй ажилласан багш, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, тэдний хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг саадгүй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.






