"Яамны төсөв 27 тэрбум, гүтгэлэг нь 70 тэрбум"

Сүүлийн өдрүүдэд цахим орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг болон түүний хамаарал бүхий компанитай холбоотой мэдээллүүд эрчимтэй тархаж байгаа билээ. Тухайлбал, "Монгол Коммент" нэвтрүүлгээр түүний хувийн компани руу 60-70 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Үүнтэй холбогдуулан сайд Б.Батцэцэг  өөрийн байр сууриа илэрхийллээ.

Сайд Б.Батцэцэг энэхүү мэдээллүүдийг эрс үгүйсгэж, үүнийг зохион байгуулалттай, захиалгат гүтгэлэг хэмээн тодорхойлов. Тэрээр хэлэхдээ:

"Миний ажлыг автлаа л үзэх юм шиг байна. Энэ бол маш тодорхой захиалгатай, гүтгэлэг. 14 хоног явж байгаа юм байна, цаашаа дахиад сарын гэрээтэй гэж сонссон" хэмээн онцолсон юм.

Тэрээр Гадаад харилцааны яамны жилийн төсөв ердөө 27 тэрбум төгрөг байдаг бөгөөд үүнээс 60-70 тэрбумыг хувийн компани руу шилжүүлэх ямар ч боломжгүйг тайлбарлав. Мөн төрийн байгууллагын зардлууд шилэн дансан дээр ил тод байдгийг санууллаа.

Энэхүү гүтгэлэг нь зөвхөн хувь хүний бус, Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаад тэрээр харамсаж буйгаа илэрхийлэв. Гадаадын түншүүд болон дипломат төлөөлөгчид энэхүү ташаа мэдээллийг хүлээн авч байгаа нь улс орны аюулгүй байдал, гадаад харилцаанд хор хөнөөлтэйг анхааруулсан юм.

Сайд Б.Батцэцэг  зарим сэтгүүлчид болон "инфлүүнсэр" гэгдэх хүмүүс мөнгө авч, бусдын захиалгаар гүтгэлэг тарааж байгаад харамсаж байгаагаа нуусангүй. "Зарим сэтгүүлчид надад уучлаарай эгч ээ, таны талаар захиалга ирсэн, бид цалин мөнгө авч байгаа учраас ийм мэдээлэл тавьж байна гэж хэлж байгаа" хэмээн дурдлаа.

Тэрээр энэхүү асуудлаар хуулийн байгууллагад хандсан бөгөөд гүтгэлэг тарааж буй компаниудыг шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Иргэдийг сошиал орчинд гарч буй баталгаагүй мэдээлэлд автахгүй, эрүүл ухаанаар хандахыг уриаллаа. Тэрээр улс төржилт хэрээс хэтэрч, хүмүүсийн тархи толгойг угааж, нийгмийг талцуулж байгаад харамсаж байгаа ч өөрийн ажлаа хариуцлагатайгаар үргэлжлүүлэн хийх болно гэдгээ мэдэгдсэн юм.