Элон Маск Ерөнхийлөгчийн өрөөнд өөрийн хүүгийн хамт уулзалт хийжээ

Элон Маск нь өөрийн 4 настай хүү болох "Х" -ийн хамт 2025 оны 2 сарын 11-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордны Овал өрөө буюу Ерөнхийлөгчийн өрөөнд уулзаж, засгийн газрын бүтцийг сайжруулах, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг шинэ  захирамжийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.  

2025 оны 1 сарын 20-нд Ерөнхийлөгч Трампын ажлын анхны өдрөөс эхлэн DOGE буюу “Department of Government Efficiency” (Засгийн газрын үр ашгийн хэлтэс) байгуулагдсан. Энэ нь Трампын засаг захиргааны үеэр Элон Маскын удирдлага дор байгуулагдсан гэх шинэ нэгж бөгөөд АНУ-ын засгийн газрын зардлыг бууруулах, бүтцийг оновчтой болгох зорилготой аж.

Тэрээр DOGE (Засгийн газрын үр ашгийн хэлтэс)-ийг удирдахдаа хувийн бизнесүүд нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа гэсэн шүүмжлэлийг няцаасан аж.

Элон Маскын DOGE үйл ажиллагаа нь Конгресс, шүүх, олон нийтийн анхаарлыг татаж байгаа учир Трамп түүнээс тайлбар авахыг хүссэнээр Элон Маск Ерөнхийлөгчийн өрөөнд хүрэлцэн ирсэн байна. DOGE (Засгийн газрын үр ашгийн хэлтэс) анхныхаа гурван долоо хоногт юу хийсэн талаар тодруулахыг зорьжээ. Цагаан ордны туслахуудын тайлбарласнаар, мягмар гарагт болсон уг уулзалт нь Элон Маскын үйл ажиллагааны талаарх тодорхойгүй байдлыг бага ч гэсэн арилгах, мөн Элон Маск өөрийн мэдлээр бус, Ерөнхийлөгчийн удирдамжаар ажиллаж байгааг харуулах зорилготой байв.

ЭЛОН МАСК: Ард иргэд засгийн газарт томоохон шинэчлэл хийхийг хүсэж байна. Тэд хүссэнээ авах л болно. Ардчилал гэдэг бол энэ.

Маск болон Ерөнхийлөгч нар өдөр бүр ямар арга хэмжээ авах, Засгийн газрын хаана нь анхаарлаа төвлөрүүлэх талаар ярилцдаг гэж хэлжээ. Түүний уг Ерөнхийлөгчтэй ойр дотно байгаа үйлдэл нь Конгресс дахь Ардчилсан намынхны дунд түгшүүр төрүүлж байгаа билээ.