Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, явган зорчигчдод ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төсөл Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байна. Дэлхийн банк болон НЗДТГ-ын хамтарсан уг төслийн хүрээнд Нэгдүгээр хорооллын арын 2.7 км болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км замыг “Иж бүрэн гудамж” болгон шинэчилж байгаа билээ.
Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад буй “муруй” хашлаганы шийдэл нь техникийн алдаа бус, олон улсын стандарт бүхий замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Traffic Calming буюу хурд сааруулах инженерчлэл болохыг албаныхан тайлбарлалаа.

Төслийн зөвлөх, багийн ахлагч Вальтер Отто Франкенбергерийн мэдээлснээр, эдгээр замууд нь сургууль, цэцэрлэг ихтэй суурьшлын бүсэд байрладаг тул дараах шийдлүүдийг тусгасан гэлээ:
Хурд сааруулах механик зохицуулалт: Явган хүний гарцтай хэсгүүдэд замын трассыг бага зэрэг муруй болгож, хашлагыг өндөрсгөснөөр жолооч нар сонор сэрэмж нэмэгдүүлж, хурдаа өөрийн эрхгүй сааруулах нөхцөл бүрддэг.
Явган зорчигчийн аюулгүй байдал: Тээврийн хэрэгсэл гарцаар өндөр хурдтай нэвтрэх боломжийг хязгаарласнаар хүүхэд, өндөр настан болон явган зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах жишиг гудамж болох юм.
Аюулгүйн арал ба тэмдэглэгээ: Тухайн хэсгүүдэд аюулгүйн арал, тусгаарлах зурвас, мэдээлэх тэмдгүүдийг иж бүрэн суурилуулна.
Одоогийн байдлаар замын хашлага суурилуулах болон трасс өөрчлөх ажил бүрэн дуусаад байна. Үргэлжлүүлэн:
-
Асфальт бетон хучилт хийх;
-
Явган болон дугуйн зам тавих;
-
Ногоон байгууламж, автомашины зогсоолыг цогцоор нь шийдэх ажлууд хийгдэх юм.
“Иж бүрэн гудамж” төслийн эдгээр хоёр замыг ирэх долоодугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Ажил бүрэн дууссаны дараа замын зохион байгуулалт илүү ойлгомжтой болж, иргэдэд аюулгүй, тохилог орчин бүрдэх юм.





