“COP17” хурал Монгол Улсад 12 хоногийн турш амжилттай үргэлжиллээ. Тус хурлын үеэр 197 орны төлөөлөгчид нэг дор хуран чуулж, өөрийн улс оронд тулгамдаж буй асуудлаа хэлэлцүүлэхийн хажуугаар шийдэл санал болгож байгаа юм. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурал хурлаас манай улсад орж ирэх үр өгөөж ямар байгаа вэ гэдгийг олон нийт сонирхож байгаа. Тэгвэл манай улсад шууд болон шууд бусаар орох хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг хүргэж байна.
- "COP17"-г даргалагч улсын хувьд манай улсаас “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг албан ёсоор эхлүүлээд байна. Энэхүү санаачилга 5 тивийн 23 улсыг хамруулснаараа онцлогтой. Улмаар Бэлчээр болон малчдын амьжиргааг дэмжихэд зориулж 1.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт шийдэгджээ.Энэ нь зөвхөн Монгол Улсад орох бус, харин тус санаачилгад багтсан 5 тивийн 23 улсад орох хөрөнгө оруулалт гэсэн үг. Нэг үгээр хэлбэл Монгол Улсад шууд орох нийт хөрөнгө оруулалт биш, тодорхой хэмжээгээр тус санхүүжилтээс манай улсад хөрөнгө оруулалт зарцуулагдах юм.
- “Ногоон дата төв”-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх 10 санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийт төсөвт өртөг $63 тэрбум. Нийт 863 МВт-ын дата төв болон холбогдох дэд бүтцийн хүчин чадлыг хамруулсан төслийн багцыг бүрдүүлсэн байна. Ойролцоогоор 36 тэрбум долларын хөрөнгө оруулалт орно гэж үзсэн. Үүнээс Монгол Улсад 16.6 тэрбум төгрөг нь шууд хөрөнгө оруулалтаар орно гэж тооцоолжээ. Гэсэн хэдий ч нөгөө талд иргэний нийгмийн байгууллага болон хүний эрхийн байгууллагууд “Ногоон дата төв” байгуулснаар эрчим хүч хэр их зарцуулах талаар байгаль орчинд хор хөнөөлтэй эсэх, байгаль орчны үнэлгээг үзэх шаардлагатай гэдгийг онцгойлон анхааруулж байгаа юм.
- Азийн хөгжлийн банк болон түншүүд Ази-Номхон далайн бүс нутагт газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2 тэрбум доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлсэн.
- Европын хөрөнгө оруулалтын банк ойн салбарт 100 сая еврогийн хөрөнгө оруулах эрмэлзлийн захидалд гарын үсэг зурлаа. Энэ нь заавал 100 сая доллар хүртэлх хөрөнгө оруулах үүрэг хүлээхгүй, харин Монгол Улсын ойн салбарт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаа нэг хэлбэр юм.
- Түүнчлэн дэлхийн хотын дарга нарын чуулга уулзалт Монголд болсон. Энэ чуулга уулзалтаас Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс Улаанбаатар хотод 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар тохиролцжээ.





