• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Х.Нямбаатар "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөнд оролцогчдыг шүүхэд өгчээ

Х.Нямбаатар "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөнд оролцогчдыг шүүхэд өгчээ

Улаанбаатар хотын дарга асан Х.Нямбаатар "Хатан Туулаа хамгаалах хөдөлгөөн"-ий идэвхтэн, оролцогчдыг шүүхэд өгсөн асуудал олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус хөдөлгөөний оролцогч Г.Уянгад шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна.

Шүүхийн мэдэгдэх хуудаст дурдсанаар, нэхэмжлэгч Х.Нямбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Уянгад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт тус шүүхийн 201-2 тоот өрөөнд болохоор товлогджээ.

Байгаль орчныхоо төлөө дуугарсан иргэдийг "шүүхээр айлгах" тактик уу?

"Хатан Туулаа хамгаалах хөдөлгөөн"-ий хувьд Туул голын ай сав газар, эко системийг хамгаалах, хууль бус газар олголт, барилга байгууламжийн асуудлыг хөндөн, хотын удирдлагуудын шийдвэрийг тууштай шүүмжилж ирсэн билээ. Иргэдийн зүгээс хотын экс даргын энэхүү үйлдлийг хууль ёсны шүүмжлэл өрнүүлсэн, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө дуугарсан иргэдийн амыг таглах, айдас төрүүлэх гэсэн оролдлого хэмээн үзэж байна.

Шүүхийн мэдэгдэх хуудаст: "Та шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх болно" гэдгийг анхааруулсан бөгөөд уг хуудсыг тус шүүхийн шүүгч Д.Янжиндулам баталгаажуулжээ.