“ Амазон” компанийн ачаа тээврийн онгоц 9 дүгээр сарын 6-нд“Майами олон улсын нисэх онгоцны буудал”-д газардах үедээ буух зурвасаас хэтэрч осолдсон байна. Ослын улмаас 5 хүн амиа алдаж, 5 хүн хүндээр гэмтжээ.
“Боинг 767-300” загварын уг ачааны онгоц Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотын ‘’Луис Муньос Марин олон улсын нисэх онгоцны буудал’’-оос хөөрөөд, орон нутгийн цагаар 14:00 цагийн орчимд осолдсон байна. Онгоц газардах үедээ онгоцэны буудлын нисэх зурвасын ойролцоо байсан хэд хэдэн автомашиныг мөргөжээ.
‘’Амазон’’ компани орон нутгийн эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) бүх нислэгийг түр зогсоох шийдвэр гаргасан бөгөөд гал унтраах багууд утаа гарч байсан ослын газарт яаралтай очжээ. Ослын үе нь АНУ-д хөл хөдөлгөөн хамгийн их байдаг амралтын өдрүүдийн нэг болох ‘’ Labor Day’’-ийн амралтын үетэй давхцсан байна.
Майами-Дэйд дүүргийн захирагч Даниэлла Ливайн Кава ням гарагийн орой хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр:
“Наад зах нь таван хүн амь насаа алдаж, таван хүн гэмтсэн.”гэж мэдэгджээ. Аврах багууд осол болсноос хэдхэн секундын дараа хэргийн газарт очсон байна.
‘’Amazon’’-ын уг нислэгийг Хойд Каролина мужид төвтэй’’ 21 Air’’ нэртэй түрээсийн агаарын тээврийн компани гүйцэтгэж байжээ. Нисэх онгоцны буудлын мэдээлснээр онгоц диагональ буух зурвасаас хэтэрч, нисэх буудлын баруун хойд хэсэгт зогссон байна.
Осол гарсны дараа онгоц шатаж, их хэмжээний гал гарчээ. 200 гаруй гал сөнөөгч ослын газарт ажиллаж, галыг унтраасан боловч түлш алдагдсан хэвээр байжээ.
‘’Амазон’’ компанийн хэвлэлийн төлөөлөгч Келли Нантел:
“Өнөөдөр Майамигийн олон улсын нисэх онгоцны буудалд болсон ослын улмаас таван хүн амиа алдсаныг сонсоод бид үнэхээр их эмгэнэж байна.” хэмээн мэдэгдээд, амиа алдсан хүмүүсийн ар гэр, ойр дотны хүмүүст нь эмгэнэл илэрхийлжээ.
FlightRadar24-ийн нислэг хянах мэдээллээр онгоц ашиглах боломжтой буух зурвасаас гарах үедээ 112 зангилаа буюу цагт 207 км орчим хурдтай явж байсан байна.
Тухайн үед Майами хотод бага зэргийн аянга цахилгаантай бороо орж, салхи ширүүсэж байсан гэж мэдээлжээ.
АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-ны мэдээлснээр Labor Day-ийн баярын өмнөх долоо хоногт АНУ-ын нисэх буудлуудаар 17 сая орчим зорчигч үйлчлүүлэхээр тооцоолсон бөгөөд зөвхөн ням гарагт 2.3 сая хүн нисэх төлөвтэй байсан ч тухайн ослын улмаас бүгд хойшилжээ.
Бэлтгэсэн: Мишээл





