Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 8 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэсэн байна. Үүнээс 13 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 31 гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Шалган шийдвэрлэсэн хэргүүдийн дунд Нийслэлийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Ж.Энхжаргаланг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг багтаж байгаа юм. АТГ-аас уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Ж.Энхжаргаланд холбогдох хэргийн гол баримтууд:
-
Өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлэн, хууль бус томилгоо явуулсан.
-
Албаны эрх нөлөөгөө ашиглан албан ёсны тушаал, шийдвэргүйгээр мөнгөн шагнал олгож, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон.
-
Худалдан авах ажиллагааны дагуу Үнэлгээний хороо байгуулалгүй, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий компанид 222.8 сая төгрөг шилжүүлсэн.
-
Өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардлыг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөс төлүүлж, улсын төсөвт хохирол учруулсан.
АТГ-аас уг хэргийг мөрдөн шалгаж дууссан тул шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох үлдээд байна.





