Монгол Улс эрчим хүч, дизель түлшний импортоос чанга хамааралтай хэвээр байгаа энэ үед эх орныхоо баялагт түшиглэн дотооддоо түлш, хий үйлдвэрлэх боломж нээгдэж магадгүй байна.
Өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын "Чайна Газ" компанийн захирал Чан Лианийг хүлээн авч уулзлаа. Хятадын хийн салбарын тэргүүлэгч "Чайна Газ" нь Монгол Улсын эрчим хүчээр дутагдалтай аймаг орон нутаг, уул уурхайн бүс нутгуудад бага болон дунд чадлын (5–300 МВт) цахилгаан станц барих, мөн хүрэн нүүрсийг гүн боловсруулах замаар дизель түлш болон шингэрүүлсэн байгалийн хий (LNG) үйлдвэрлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Засгийн газрын зүгээс Үйлдвэр, технологийн паркуудыг хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн хүнд үйлдвэрлэлийг дэмжихийг гол зорилтоо болгоод байгаа. Энэ ч утгаараа Сайд Г.Дамдинням хөрөнгө оруулагчдад зориулсан татварын хөнгөлөлт, эрх зүйн таатай орчноор хангаж, төслийг бүх талаар дэмжихээ мэдэгдэв.
Энэхүү уулзалт нь зөвөөр ажил хэрэг болж чадвал Монгол Улс шатахууны хомсдолоос ангижрах, хүрэн нүүрсээ эдийн засгийн шинэ эргэлтэд оруулах чухал алхам болох юм. Талууд нэн даруй мэдээлэл солилцож, ТЭЗҮ болон холбогдох судалбаруудыг хамтран боловсруулж эхлэхээр боллоо.





