Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Боловсролын сайдын 2026 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/131 / А/236 дугаар хамтарсан тушаалаар "Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай" шийдвэр гарлаа. Энэхүү тушаалыг 2026 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөх юм.
Сургалтын үйл ажиллагаанд цахим сүлжээ ашиглахыг хязгаарлана
Тушаалын дагуу аймаг, нийслэлийн Боловсролын газар болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудад дараах чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов:
-
Даалгавар ба үнэлгээ: Суралцагчдад даалгавар өгөх, хүлээн авах, үнэлж дүгнэх, дүн үнэлгээ мэдээлэх, мэдээлэл солилцох бүхий л үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, Фэйсбүүк, цахим групп чат ашиглахгүй байх.
-
Албан ёсны платформ: Сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо зөвхөн суралцахуйн удирдлагын систем, байгууллагын албан ёсны цахим хуудас, платформыг ашиглах.
-
Нууцлал хамгаалалт: Суралцагчдын дүн, үнэлгээ болон хувийн бусад мэдээллийг олон нийтийн сүлжээнд болон цаасан хэлбэрээр ил байршуулахгүй байж, хувийн мэдээллийн нууцлалыг чанд хамгаалах.
Сургуулийн орчны аюулгүй байдлыг чангаруулна
Суралцагчдад үндэсний өв соёл, уламжлал, хууль ёсыг дээдлэх, эрх зүйн боловсрол олгох, үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор:
-
Цагдаагийн ахмад ажилтнуудыг олон нийтийн цагдаагаар ажиллах санаачилгыг дэмжин ажиллана.
-
"Өсвөрийн сэргийлэгч", "School Police" хөтөлбөрүүдийг улс орон даяар эрчимжүүлж, холбогдох журам, төлөвлөгөөг боловсруулан хамтран ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар болон Боловсролын ерөнхий газарт тус тус даалгалаа.
Уг хамтарсан тушаалын хэрэгжилтэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир нар хяналт тавьж ажиллана.





