Г.Занданшатар СОР17-д Алтай дамнасан байгалийн капиталын эвсэл байгуулахыг санал болгов.
Гол агуулга: Монгол Улсын Ерөнхий сайд асан Г. Занданшатар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд болсон «Уул уурхайн бүс нутгийн усны аюулгүй байдал» хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ, Алтайн нурууны ус, цас, бэлчээрийн үнэлгээг хийх нэгдсэн аргачлалтай Алтай дамнасан байгалийн капиталын эвсэл байгуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт санал болголоо.
Ерөнхий сайд асан илтгэлээ дараах асуултаар эхлүүлсэн юм. Монголын газрын доорх нэг шоо метр ус хэдэн төгрөгийн үнэ цэнтэй вэ?
Нэг тонн зэс маань хэдэн төгрөг болохыг би та бүхэнд хэлж чадна. Дэлхийн аль ч бирж дээр, яг энэ мөчид, бодит цаг хугацаанд хэлж чадна. Харин нэг шоо метр усныхаа үнийг хэлж чадахгүй.
Тэрбээр Говийн гүнд буй усыг эрдэмтэд «шороон ус» буюу олон мянган жилийн өмнө хуримтлагдсан, дахин нөхөгдөх боломжгүй нөөц гэж нэрлэдгийг дурдаад, тэрхүү усны нөөцөд жилд ердөө нэг орчим миллиметр хур тунадас нэвчиж хүрдэг атал өдөрт 79,000 шоо метр ус ашиглах зөвшөөрөл олгогдсоныг сануулав.
Хууль нь байгаа ч тоо нь байхгүй.
Г. Занданшатар Монгол Улсад 2012 онд батлагдаж, 2024 онд нэмэлт өөрчлөлт орсон “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хууль үйлчилж байгааг онцлон, асуудал хуулийн дутагдалд бус хэмжилтийн дутагдалд байгааг тайлбарлав. Тус хууль төлбөрийг хэмжигдсэн бохирдуулагчийн ачааллаар тооцдог тул төлбөр нэхэхийн өмнө тоо шаарддаг.
Хэмжиж чадахгүй байгаагаа улс орон хамгаалж чадахгүй. Зөвхөн маргаж л чадна.
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тэрээр усны бохирдуулсны төлбөрийг жижиг аж ахуйн нэгжүүд төдийгүй хамгийн том компаниудаас ижил тэгш нэхэн авахыг үүрэг болгож байсан. Тухайлбал Оюутолгой компани удаан үргэлжилсэн яриа хэлэлцээний эцэст ус бохирдуулсны төлбөрөө төлж эхэлсэн байх жишээтэй. Өнөөдрийн байдлаар Оюу толгой компани ашигласан усныхаа бохирдлын төлбөрт сар бүр 500 сая төгрөг төлж байна.
Энэ тоо бол хамтын хүчин чармайлтын үр дүн. Усны газар, улсын байцаагчид, холбогдох төрийн албан хаагчид Ерөнхий сайдын эхлүүлсэн асуудлын араас зогсолтгүй ажилласан. Гэвч ийм зүйлд тэмцэл шаардагдах ёсгүй байсан
Алга болсныг бүртгэсэн ч үнэ цэнийг нь бүртгээгүй
Усны тооллогоор 887 гол, горхи, 2,096 булаг шанд, 1,166 нуур, цөөрөм ширгэсэн байдаг. Ерөнхий сайд асан үүнийг иш татаад
Бид алга болсныг нь бүртгэсэн. Алга болсон зүйлийнхээ үнэ цэнийг хэзээ ч бүртгээгүй.
Иймд Монгол Улс байгалийн капиталын данс — ногоон болон цэнхэр баялгийн үнэлгээний тогтолцоо — бий болгох шаардлагатай гэдгийг тэрээр онцлов. БНХАУ энэ оны эхээр экосистемийн үнэлгээний анхны үндэсний стандартаа гаргасан бол Чили Улс Байгалийн капиталын үндэсний хороо байгуулсан туршлагыг жишээ болголоо.
Алтай дамнасан байгалийн капиталын эвсэл
Алтайн нуруу нэг улсын өмч бус, хэд хэдэн улсыг холбосон усны эх үүсвэр гэдгийг Г. Занданшатар онцлов. Монголын эрдэмтдийн хиймэл дагуулын 34 жилийн ажиглалтаар Мөнх Хайрхан уулын мөсөн голын талбай 38 хувиар багассан байна. «Өвөг дээдэс маань хайлдаггүй учраас тэр цасыг мөнх гэж нэрлэсэн. Хэрэв бид тус бүр зөвхөн өөрсдийн бэлээ хэмжвэл, тэр уул бүхэлдээ ямар үнэ цэнтэй болохыг бидний хэн нь ч мэдэхгүй.» Тэрээр гэрээ ч биш, шинэ бүтэц ч биш, зөвхөн нэгдсэн тооллын арга зүйтэй эвсэл байгуулахыг санал болголоо. Уг санаачилгад Стэнфордын Байгалийн капиталын эвсэл, БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академи болон Алтай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээний түншүүд оролцох бөгөөд Алтайн нуруу дайран өнгөрдөг бүх улсад нээлттэй байхаар тусгажээ.
Хөрш зэргэлдээ орнууд нэг уулын талаар ярилцахдаа ядаж нэг ижил тооноос ярьдаг болох ёстой.





