Намрын “нанчилдаан”

Өнгөрсөн намрын улс төрийн тэмцэлд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ялагдсан харагдах ч хөшигний ард тэд нөлөөтэй хэвээр. Шатахуун тасалдаж, улсаараа уртаас урт дараалалд зогсож байхад тус фракц Хэнтийд дүүрэн шатахуун ачсан машинаас ойд банкаа дүүргэж чадаж байгаагаар бяр, хөрөнгө нь харагдана. Хаврын чуулгандаа тоотоойхон суусан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, ажлаа өгснөөс хойш сураг алдарсан Х.Нямбаатар нар Хэнтийд  шагнал гардуулах далимдаа намрын улс төрөө төлөвлөсөн гэх.

Тэдний энэ намрын улс төрийн гол ажил МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд С.Амарсайханыг нэр дэвшүүлэх... Тэгвэл нөгөө талд нэр дэвшихээр яригдаж байсан Г.Занданшатар мултарсан уу гэдэг нь энэ намрын улстөрөөс харагдана. Мөн яриа тохироо хийж Н.Учралын Засгийн газарт багтсан Ч.Номин, С.Амарсайхан нар эргээд Н.Учралаа хөнтөрч  засгийн газрыг унагахаар төлөвлөгөө гаргасан тухай ч “тамхины цэг” дээр яригдаж байна. Ингэхдээ хаврын чуулганы төгсгөлд Ардчилсан намын (АН) бүлгээс эхлүүлсэн Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулах ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон гэх яриа ч бий.

Засгийн газрыг огцруулах санал өргөн барихад УИХ-ын гишүүдийн 1/4 буюу 32-оос доошгүй гишүүний гарын үсэг шаардлагатай. АН-ын бүлгээс 30 орчим гишүүн Н.Учралыг огцруулах бичигт гарын үсэг зурахад бэлэн гэх мэдээлэл байгаа бөгөөд дээр нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талын гишүүд нэгдвэл чуулганаар огцруулах асуудлыг хэлэлцэх бүрэн боломжтой болно.

Л.Оюун-Эрдэнийн дараагийн том зорилго бол ирэх Ерөнхийлөгчийн сонгууль. Тэрээр өөрийн хүн болох С.Амарсайханыг эсвэл Х.Баттулгын зүгээс Н.Алтанхуягийг зүтгүүлж, Ерөнхийлөгчийн суудлыг авахаар төлөвлөж буй нь ийнхүү Засгийн газрыг унагахаар идэвхжиж буйн шалтгаан юм. Нөгөө талд Ерөнхий сайд Н.Учрал ч зүгээр суухгүй байна. Тэрээр Засгийн газраа тогтвортой авч үлдэх, 2028 он хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөрийн талын гишүүдийг нэгтгэн, уулзалтууд хийж эхэлжээ.

Эрх баригч намын хагарал Ардчилсан намынханд ашигтай. Тэд хэрэв хөнжилдөө хөлөө жийлцдэгээ багасгаж чадвал ирэх сонгуулиудад ялалт тэдний гарт байх боломжтой. Гэхдээ засгийн эрхийг авч чадлаа гэхэд дотроо хагараад 10 гаруй жилийг үдэж буй Ардчилсан намынханд чадварлаг хүний нөөц хэр вэ гэдэг асуудал тулгарна. Ямартаа ч тус намаас нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн листэд О.Цогтгэрэл, Лу.Гантөмөр, С.Баярцогт, Н.Алтанхуяг нарын нэрс дурайна. Х.Баттулгын зүгээс дахин нэр дэвших боломжгүй тул Н.Алтанхуягийг зүтгүүлж байгаа гэх.

2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын бүрэн эрхийн хугацааны тоолуур хэдийнэ туулах замынхаа талыг тууллаа. Тэдний бурам мэт амттай мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувь байгаа вэ ? Ямартаа  ч инфляц  12.3 хувьд хүрлээ. Олон улсын нөхцөл байдлаас хамаарсан шатахууны хомсдол, идэр есын хүйтэнд эрчим хүчний хязгаарлал гээд  өөрсдөө үйлдвэрлэдэггүй орны гунигт түүх үргэлжилнэ. Өвөл айсуй