Их хотын бужигнаанаас түр ч болов амсхийлгэх говийн намар

Улаанбаатар хотоос 540 км засмал замыг жигдхэн туулсаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум ороход долоон цаг гаруй зарцуулна. Хотоос давхисаар сумынхаа баруун хойноос орж ирэхэд баруун урд зүгт нүүрсний уурхайн овоолго сүрлэг харагдана. Цогтцэций сум, Өмнөговь аймаг цаашлаад Монгол Улсыг тэжээж буй Тавантолгойн нүүрсний бүлэг ордын овоолго. 

Тус ордод төрийн өмчийн “Эрдэнэс тавантолгой” ХК (ордын 96% эзэмшдэг), хувийн өмчийн “Энержи ресурс” ХХК (4% эзэмшдэг) үйл ажиллагаа явуулдаг. Замын зүүн талаар говьд байгуулсан “ойн зурвас” үзэгдэнэ. Сумын төвөөс 7 км зайд байрлах ойн зурвасыг Энержи ресурс компани байгуулсан аж. Энэ ойн зурвас нутгийн иргэдэд ногооны талбай, нүүдлийн шувуудад амьдрах орчин, говь нутгийн хөрсөнд салхины хаалт гээд олон үүрэг гүйцэтгэдэг байна. Биднийг очих үед нутгийн хүмүүс намрын ургацаа хурааж байлаа.

Сумын төв дундуур алхахад тохилог орон сууц, зоогийн газар, зочид буудал, фитнес заал, дэлгүүр хоршоо, худалдаа үйлчилгээ гээд цөм бүрэн. Цогтцэций сумын нэг онцлог нь хаашаа л харна ажлын хувцастай хүмүүс. Автралийн Сидней хотод бас ажлын шар хувцастай хүмүүс хаа сайгүй явж байдагтай адилхан санагдав.

Сүүлийн 20 жилийн хугацаанд шилжин суурьшилт ихсэж, хүн ам нь хамгийн их нэмэгдсэн ганц сум бол Цогтцэций юм байна. Үндэсний статистикийн хорооны мэдээнээс харвал сумын хүн ам албан ёсоор 4.6 дахин, албан бусаар бараг 10 дахин нэмэгдэж. Монгол Улсын Засгийн газраас шилжилт хөдөлгөөн бууруулах, шинэ суурьшлын бүс байгуулах бодлого хэрэгжүүлээд байхад 330 сумаас хүн амын тоо буурсан уу гэхээс өссөн нь гарын 10 хуруунд багтах цөөн. Учир юундаа байна вэ?

2011 онд Ухаа худаг уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцээд Энержи ресурс компани Цогтцэций суманд 650 айлын орон сууц, цэвэр бохирын инженерийн дэд бүтэц, авто зам, сургууль, цэцэрлэг, дотуур байр, тэр бүү хэл “цахилгаан станц” байгуулж. Ажлын байр, амьдрах орчныг нь бэлдээд өгсөн газар луу аяндаа шилжилт хөдөлгөөн өрнөж, “шинэ суурьшлын бүс” үүсдэг байх нь ээ гэж бодогдсоор Монгол инженерүүдийн байгуулсан “цахилгаан станц”-ыг үзэхээр цааш хөдлөв.

18 мегаваттын энэхүү цахилгаан станц Ухаа худаг нүүрс аж үйлдвэрийн цогцолбороос гадна Цогтцэций сумыг 24 цагийн найдвартай эрчим хүчээр хангадаг. Айл өрхийг гэрэлтүүлэхэд, аж ахуйн нэгж бизнесийг үүд хаалгаа нээхэд, цаашлаад нүүрсийг бяжуулж, улсдаа экспортын орлого оруулахад энэ цахилгаан станц, энд ажилдаг инженерүүдийн үүрэг их.

Бие жижиг бэлчээр том гэдэг шиг өмнөд бүсийн эрчим хүчний тал орчим хувийг хангаад зогсохгүй, нийслэлчүүд бидэнд өвөлдөө тулгардаг нэг асуудал болсон “тог цахилгаан тасалдал”-ын үед төвийн шугамын оргил ачааллын нэг хувиас хүртэл үүрчихдэг. Бас нэг заавал дурдууштай зүйл нь анх барихдаа л говийн нөхцөлд тохирсон хуурай хөргөлтийн системтэй учраас усны “тэг” хэрэглээтэй юм байна.

Ухаа худгийн уурхайд 2900 гаруй хүн ажиллаж байна. Үүнээс 30 гаруй хувь нь орон нутгийн иргэд. Өдөржин ажилласан уурхайчид наран шингэхтэй зэрэгцээд ээлжээсээ буугаад харьж явна.

Аав, ээжийг хүлээх хүүхдүүд урдаас нь тосон гүйнэ. Өмнө нь 14 хоногийн ээлжээр ажилладаг байсан тэд өнөөдөр сумандаа шилжээд, компаниасаа олгосон орон сууцандаа халуун ам бүлээрээ байгаа нь сайхан.

Уурхайн ажил бахархам, сайхан. Гэхдээ 14 хоногийн ээлжээр ажиллах нь хэцүү. Хүүхэд хөлд орох, хэлд орох, сургууль цэцэрлэгт хүргэх, хэн нэгэн өвдлөө гэхэд хажууд нь байж чадахгүй тэр мэдрэмж хэцүү гэдгийг уурхайчдын гэр бүл л хамгийн сайн ойлгоно, мэдрэнэ.

Цогтцэций сумыг зорьсон энэ бяцхан аялал нийслэл хотын авто замын түгжрэл, түүнээс үүдэлтэй тэгш, сондгой зохицуулалт, гурван ээлжээр хичээллэдэг сургууль, оочер дараалал, ногоон гэрэл асангуут гарцан дээр мөргөлдөх шахам  зөрдөг хүний урсгал гээд их хотын бужигнаанаас түр ч атугай холдож амсхийх агшин олгов. Намрын налгар өдрүүдэд нүд торох зүйлгүй говийн суманд мод үржүүлгийн талбайгаар зочлож, хөлбөмбөгийн талбайд дураараа, чөлөөтэй тоглох хүүхдүүдийг хараад суух нь амар амгалан.

 

Сэтгүүлчээр ажиллаж байх энэ хугацаанд хамгийн олон удаа очсон аймаг бол Өмнөговь. Анхныхаа томилолтоороо “гучин минутад гурав тойрчихдог” буйдхан сумыг зорьж билээ. Харамсалтай нь, ийм сумд одоо ч олон. Харин энд, хотоос хол, намуухан атлаа өөрийн гэсэн өнгө төрхтэй, нэгэн шинэ суурьшлын бүсийг уурхайчид байгуулж байна.

Сэтгүүлч Л.Амаржаргал