• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Эрдэнэс Тавантолгой (1072 хувьцаа) өвлөх үйл ажиллагаа эхэллээ: Юуг анхаарах вэ?

Эрдэнэс Тавантолгой (1072 хувьцаа) өвлөх үйл ажиллагаа эхэллээ: Юуг анхаарах вэ?

Засгийн газрын шийдвэрээр иргэдэд анх тодорхой нөхцөлтэйгээр (худалдаж, бэлэглэж, өвлүүлж болохгүй) олгож байсан "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааг өвлүүлэх эрх нээгдэж байна. Энэхүү шийдвэр нь тус компанийг нээлттэй компани болгох, хөрөнгийн биржид гаргах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд иргэдийн хуримтлагдсан ногдол ашгийг чөлөөтэй авах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Хэрэв таны гэр бүл, ойр дотны хүмүүсээс нас барсан гишүүн байгаа бол түүний нэр дээрх хувьцааг хууль ёсны дагуу өвлөн авах үйл ажиллагааг дараах дарааллаар зохион байгуулна.

1. Хувьцаа байгаа эсэхийг шалгах

Хамгийн түрүүнд тухайн нас барсан иргэний нэр дээр хувьцаа байгаа эсэхийг нягтлах шаардлагатай.

  • Шалгах арга: Гар утсаа гаргаж ирэн мессеж бичих хэсэгт орно.

  • Илгээх дугаар: 158989 тусгай дугаарт нас барсан хүнийхээ регистрийн дугаарыг илгээнэ.

  • Анхаарах зүйл: Зарим иргэд хувьцаагаа урьд нь төр засагт худалдаж 1 сая төгрөгөө авсан, эсвэл сургалтын төлбөр хэлбэрээр суутгуулсан байдаг. Мөн зарим нь 300,000 төгрөгөөр заран, цаана нь 750 ширхэг хувьцаа нь үлдсэн тохиолдол бий. Хэрэв шалгалтаар хувьцаа байхгүй гэж гарвал нотариат дээр очиж хувьцаа өвлөх асуудал огт яригдахгүй.

2. Гэр бүлийн хүрээнд зөвшилцөх

Нас барсан хүний ард хууль ёсны өвлөгчид болох эхнэр (нөхөр), хүүхдүүд үлдсэн бол тухайн 1072 хувьцааг тэгш хувааж авах эрх үүснэ. Жишээ нь: Эхнэр, 3 хүүхэд үлдсэн бол 4 хувааж авах эрхтэй.

Гэхдээ гэр бүлийн хүрээнд анхнаасаа ярилцаж зөвшилцөх нь чухал. Монголчуудын заншлаар "бага дүүдээ өгчихье" эсвэл "ээжийнх нь нэр дээр үлдээе" гэж тохиролцвол бусад өвлөгчид нь өвлөх эрхээсээ татгалзах шаардлагатай болно. Энэ тохиолдолд хувьцаа болон түүний ногдол ашгийг нэг хүн (жишээ нь ээж нь) бүрэн авах боломжтой болно.

3. Оочер дугаар үүсгэхгүй байх (Хугацаа хангалттай)

Энэхүү өвлөх үйл ажиллагаа нь 1 жилийн хугацаанд буюу 6 дугаар сарын 1-нээс дараа жилийн 6 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Санамж: Иргэд хугацаа тулчихсан мэт эхний өдрүүдэд нотариат дээр бөөнөөрөө очиж, зохиомол ачаалал, урт дараалал үүсгэх шаардлагагүй. Жилийн хугацаанд хувийн ажлаа зохицуулан зун, намар, өвөл гээд хэзээ ч одож хандах боломжтой.

4. Нас барсан хугацаанаас хамаарч хандах хуваарь

Ажлын хэсгээс ачааллыг зохицуулах үүднээс нас барсан иргэдийн хугацаанаас хамаарч тодорхой өдрүүдэд ирэхийг зөвлөж байна. Тухайлбал:

  • 2011-2013 онд нас барсан хүний өвийг хүлээн авах хүмүүс эхний долоо хоногт,

  • 2014-2016 он хүртэлх хугацаанд нас барсан иргэдийн ар гэр дараагийн долоо хоногт ирэх мэтээр хуваарь гарна. (Энэхүү мэдээллийг албан ёсоор түгээх болно).

5. Цаашид хэрхэх вэ?

Энэхүү 1 жилийн хугацаатай хязгаарлалт нь зөвхөн 2011 оноос 2026 он хүртэлх хугацаанд нас барсан иргэдийн өв залгамжлалыг цэгцлэх нэг удаагийн зохицуулалт юм. Харин хуулийн дагуу цаашид (жишээ нь 2027 оноос хойш) нас барах иргэдийн хувьцааг өвлөх эрх нь ямар нэг хугацааны хязгаарлалтгүйгээр цааш чөлөөтэй үргэлжлэн өвлөгдөөд явах заалттай.

Иргэдэд ямар нэгэн хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр, бүх сувгаар мэдээллийг хүргэж, ачаалал багатайгаар зохион байгуулахаар ажлын хэсэг төлөвлөн ажиллаж байна.