Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт иргэдийн зуслан болон малын бэлчээрийн бүсэд хүрэн баавгай бамбаруушнуудтайгаа үзэгдэж, аюулгүй байдлыг хангах ажиллагааг нэн даруй зохион байгууллаа.
2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагийн орчимд тус сумын Засаг даргаас Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанд дөрвөн хүрэн баавгай айлын зуслан, бэлчээрт орж ирсэн тухай мэдээллийг ирүүлжээ. Мэдээллийн дагуу хамгаалалтын захиргааны албан хаагчид газар дээр нь ажиллаж, мэргэжлийн байгууллагуудаас шаардлагатай зөвлөгөөг авснаар хүн, малын суурьшлын бүсээс холдуулах ажиллагааг шуурхай явуулсан байна.
Тус ажиллагаанд Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа болон Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын нийт 11 албан хаагч оролцож, нэг эх баавгай, гурван бамбаруушийг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын аюулгүй байршилд амжилттай хүргэв. Одоогоор холбогдох байгууллагууд тухайн бүс нутагт ажиглалт, хяналтыг үргэлжлүүлэн явуулж байна.
Байгаль орчны байгууллагаас зэрлэг амьтантай тааралдсан үед иргэдийг дараах аюулгүйн дүрмийг чанд мөрдөхийг анхааруулж байна. Баавгай харсан тохиолдолд ойртож зураг, бичлэг хийх, хоол өгөх, чулуу шидэх, нохой болон тээврийн хэрэгслээр хөөхийг хатуу хориглоно. Иргэд өөрсдөө барих, хордуулах, шархдуулах ажиллагаа явуулах нь хүний амь нас, зэрлэг амьтанд ноцтой эрсдэл учруулдаг.
-
Урьдчилан сэргийлэх: Баавгай үзэгдсэн газарт ганцаараа зорчихгүй байх, хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, өглөө эрт болон бүрэнхий, шөнийн цагаар нохойг сул тавихгүй байх шаардлагатай. Мөн хоол хүнс, малын тэжээл, хог хаягдал, мах загасны үнэр зэрэг баавгай татах эх үүсвэрийг ил задгай байлгаж болохгүй.
-
Уулзсан үед авах арга хэмжээ: Баавгайтай таарвал гүйж болохгүй, тайван байж, гарах замыг нь хаалгүйгээр аажмаар холдох хэрэгтэй. Баавгай таныг анзаараагүй бол чимээгүйхэн буцах ба анзаарсан бол намуухан дуугаар ярьж хүн гэдгээ мэдэгдэн аажмаар ухарна.
-
Дайралтын үед: Довтлон ойртсон тохиолдолд зугтахгүй бөгөөд ойр байгаа найдвартай барилга, тээврийн хэрэгсэл рүү орно. Гэнэт цочсон эсвэл бамбаруушаа хамгаалсан дайралтын үед гэдсээрээ доош харж хэвтэн, хоёр гараараа хүзүү, дагзаа хамгаалж хөдөлгөөнгүй байх нь зүйтэй. Харин гэрт нэвтэрсэн эсвэл дайрсан тохиолдолд боломжтой бүх хэрэгслээр эсэргүүцэж, хоргодох газар хүрэхийг зорих ёстой.
Баавгай үзэгдсэн цаг, хөдөлгөөний чиглэл болон байршлын мэдээллийг аюулгүй зайнаас тэмдэглэж, сумын Засаг даргын Тамгын газар болон байгаль орчны байгууллагад нэн даруй мэдээлэхийг уриалж байна.





