АНУ-ын Калифорниа мужийн нэгэн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Вилма Вонг 28 жилийн өмнө ердөө 1.07 кг жинтэй, хугацаанаасаа хамаагүй эрт мэндэлсэн нэгэн нярайг гардан асарч, амьдрал бэлэглэхээр сэтгэл зүтгэлээ зориулж байжээ.
Гэтэл цаг хугацааны хүрд эргэж, бараг гучин жилийн дараа сувилагч В.Вонг эмнэлгийнхээ тасагт шинээр томилогдон ирсэн хүүхдийн эмч-резидент доктор Брэндон Семинаторетой таарсан байна. Түүний овог нэрийг сонссон даруйдаа сувилагч бүсгүйн ой санамжид олон жилийн өмнөх дурсамж сэргэж, Брэндоноос зарим зүйлийг лавлан асуужээ. Доктор Брэндон Семинаторе нь 28 жилийн өмнө сувилагч Вилмагийн гар дээр бойжиж, амьдрахын төлөө тэмцэж байсан бяцхан хүүхэд мөн байж таарав.
Доктор Брэндон энэхүү санаанд оромгүй учралыг "зүүд зэрэглээ мэт" хэмээн дурдаад, бараг гурван арваны дараа ч өөрийнх нь нэрийг марталгүй санаж байсан сувилагчийн сэтгэл зүтгэл, мэргэжилдээ үнэнч байдлыг бахархан онцолсон юм.
Асруулж байсан бяцхан хүү өнөөдөр эсэн мэнд өсөж торнин, яг л өөрийг нь аварсан тэр тасагтаа бусад хүүхдүүдийн амь насыг аврахаар эмчийн нөмрөг өмсөөд зогсож байхыг харах нь сувилагч Вилма Вонгийн хувьд олон жилийн хөдөлмөрийнх нь хамгийн том шагнал, бахархал болжээ.






