УИХ-ын гишүүн Б.Жаргалан 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр (№51) "Туулын хурдны зам" төслийн төсвийн зарцуулалт, хууль зөрчсөн шийдвэрүүд болон байгаль орчинд учруулсан хохирлын асуудлаар нийт 7 үндсэн асуултыг Ерөнхий сайдад тавьж, дараах тодорхой хариултуудыг шаарджээ.
-
500 тэрбум төгрөгийн урьдчилгаа ба санхүүжилт:
-
2025 онд 401.0 тэрбум, 2026 онд 99.0 тэрбум буюу нийт 500.0 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгож, Туул голын сав газар дахь мод, бут, сөөгийг огтолж хохирол учруулсан.
-
Үндэсний аудитын газрын дүгнэлтээр 350.9 тэрбум төгрөгийн зарцуулалт нь дансны үлдэгдэлтэй зөрсөн, анхан шатны баримтгүй тул баталгаажаагүй. Энэхүү мөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлж, хохирлыг хэнээр нөхөн төлүүлж, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох;
-
-
2.345 их наядын гэрээ болон трасс өөрчлөлт:
-
2025 оны 8 дугаар сарын 05-нд БНХАУ-ын "ХаоЮань групп" болон "Тяньжин Рубайвэй"-тэй байгуулсан 2.345 их наяд төгрөгийн (НХААГ/20250101139) гэрээг Аудитын дүгнэлтээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байхад цуцлахын оронд шинэчлэсэн трассаар үргэлжлүүлэх болсон хууль эрх зүйн үндэслэлийг тодруулах;
-
-
Дараалал зөрчсөн зөвшөөрлүүд:
-
ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, магадлал, БОННҮ болон археологи, палеонтологи зэрэг суурь судалгаа бүрэн хийгдэж дуусаагүй байхад зөвшөөрөл олгож (2026 оны 3, 4 дүгээр сард), ажил эхлүүлсэн хариуцлагатай албан тушаалтнуудыг нэрлэх;
-
-
Арбитрын маргаан ба Хотын даргын мэдэгдэл:
-
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Арбитрын шүүхэд шилжих аюулгүй болсон, Туулын хурдны зам гэсэн ойлголт байхгүй болсон" гэж мэдэгдсэнтэй холбогдуулан Арбитрын эрсдэл, болзошгүй торгууль, нөхөн төлбөрийн тооцооллыг тодорхой болгох;
-
-
Засгийн газрын албан ёсны байр суурь:
-
Төсвийн хэмнэлт хийж байгаа энэ үед уг төслийг одоогийн хэлбэрээр үргэлжлүүлэх, зогсоох, эсхүл хуулийн дагуу дахин сонгон шалгаруулалт явуулахын аль хувилбарыг сонгож байгаагаа тайлбарлахыг шаардсан байна.
-
Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан хугацаанд ирүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүсжээ





