• Нүүр
  • Мэдээний өрөө
  • С.Цэнгүүн: Заваан аргаар дотоод сонгууль хийдгээ боль, би та бүхний дарамтаас айхгүй

С.Цэнгүүн: Заваан аргаар дотоод сонгууль хийдгээ боль, би та бүхний дарамтаас айхгүй

Ардчилсан Залуучуудын Холбоо-ны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нэр дэвшиж буй. Тэрээр АЗХ-ны чуулган болон дотоод сонгуулийн үйл ажиллагаа хууль бус, шударга бус арга замаар явагдаж байгаад бухимдалтай байгаагаа мэдэгдэж, өөрт нь ирж буй шахалт, дарамтын талаар ярьсан юм.

"Залуучуудын байгууллага дээр ийм заваан арга хэрэглэж болохгүй"

С.Цэнгүүн гишүүн чуулганы үеэр аймаг, орон нутгийн төлөөлөгчдөөс ирүүлсэн нэрсийг хасаж, зарим тохиолдолд Ардчилсан намд хамааралгүй хүмүүсийн нэрийг сонгуулийн жагсаалтад хууль бусаар шахсан гэдгийг онцоллоо. Тэрээр:

"Өнөөдөр энд нэг зүйл ажиглагдаж байгаа нь ямар заваан аргаар дотоод сонгуулиа хийдэг вэ гэдэг нь маш муухай харагдаж байна. Аймаг, орон нутгийн төлөөлөгчдийн өгсөн нэрсүүдийг байхгүй болгочхоод, манай Ардчилсан намд байдаг ч үгүй хүмүүсийн нэрсийг хүртэл оруулж ирсэн. Залуучууд шал өөр болсон, та нар андуурч байна" хэмээн сануулсан юм.

Энэхүү маргаантай асуудал одоогоор Хяналтын ерөнхий хороон дээр очиж, хэлэлцэгдэж байгаа аж.

"Улс төрийн дарамт, гүтгэлэг арай дэндэж байна"

Мөн тэрээр улс төрд орсон цагаасаа эхлэн эмэгтэй, залуу хүн гэдэг утгаараа янз бүрийн гүтгэлэг, доромжлолтой тулгарч байсан ч бодлогын түвшинд ажиллахын тулд чимээгүй өнгөрөөдөг байснаа дурдлаа. Гэвч сүүлийн өдрүүдэд ирж буй дарамт шахалт хэрээс хэтэрсэн гэдгийг онцолсон юм.

"Өчигдөр оройн 19:13 минутад 'Ц.Анандбазар' гэдэг хүн над руу яриад 'Чи яагаад намайг гүтгээд, харлуулаад байгаа юм? Чамтай ийм байх юм бол би зүгээр өнгөрөөхгүй шүү' гэж дарамталсан. Энэ Ц.Анандбазар гэдэг хүн хэн юм бэ? Ийм байдлаар улс төр хийнэ гэж бодож байгаа бол та нар ич! Одоо энэ бүхнээ больчих" хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв.

"Өөрчлөлт хийх цаг нь болсон"

С.Цэнгүүн УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш залуучуудын төлөөлөл болж дуу хоолойгоо хүчтэй хүргэж, ачаагаа үүрээд явж байгаагаа онцолж, хуучин хэлбэрийн худал гүтгэлэг шиддэг заваан арга барилтай цаашид эвлэрэхгүй гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр ярианыхаа төгсгөлд:

"Миний эсрэг захиалгат 1000 лайв босож ирээд явсан ч хамаагүй, энэ нь хүмүүст нөлөөлөхгүй. Хэн үнэн, хэн худлаа ярьж байгааг бид бүгд мэдэж байгаа. Би та бүхний энэ дарамтаас айхгүй, үүнээс ч илүү их дарамтыг даваад гарсан. Ингэж шударга бус аргаар та бүхэн хэзээ ч ялахгүй" гэдгийг хатуу санууллаа.