Монгол Улсад өнөөдрийг хүртэл оршуулгын үйл ажиллагааг зохицуулсан бие даасан хууль байхгүй, зөвхөн салангид дүрмүүд болон орон нутгийн шийдвэрээр явж ирсэн нь эрх зүйн тодорхойгүй байдал, газар ашиглалтын маргаан, нийтийн эрүүл ахуйн эрсдэлийг дагуулсаар байна.
Энэхүү асуудлыг нэгдсэн бодлого, стандарттай болгон хуульчлах зорилгоор иргэн Давхардаваагийн Гансаруул "Оршуулгын тухай хууль" санаачлан батлуулах өргөдлийг УИХ-ын цахим системд гаргасан юм.
-
Одоогийн байдлаар: 84,858 иргэн дэмжиж гарын үсэг зурсан
-
Шаардлагатай тоо: 100,000 гарын үсэг
-
Дуусах хугацаа: 2026 оны 8 сарын 14-ний 10:00 цаг (Санал авахад 13 орчим хоног үлдээд байна)
"Оршуулгын тухай хууль"-д тусгах үндсэн зарчмууд:
-
Нэгдсэн стандарт ба эрх зүйн зохицуулалт: Орон нутаг бүрт өөр өөр байдаг салангид журмуудыг нэгтгэж, улсын хэмжээнд нэгдсэн стандарттай болох.
-
Газар ашиглалтыг журамлах: Оршуулгын газрыг зөвхөн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу байгуулах, зөвшөөрөлгүй газар оршуулга хийхийг хориглох.
-
Эрүүл ахуй ба байгаль орчин: Бэлчээр, усны сан бүхий газар, хамгаалалтын болон тусгай хамгаалалттай бүсэд оршуулга хийхийг хориглож, инженерийн ба эрүүл ахуйн стандартыг хуульчлах.
-
Тэгш байдал ба шашин шүтэх эрх: Иргэдийн шашин шүтэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ хууль, газар ашиглалтын шаардлагыг бүх иргэнд адил тэгш мөрдүүлэх.
-
Хуучин оршуулгын газрыг цэгцлэх: Хуучин оршуулгын газруудыг бүртгэлжүүлэх, хамгаалах, шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу шилжүүлэн байршуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх.
Иргэний санаачилсан уг хуулийн төсөл нь 100,000 гарын үсэг цуглуулснаар УИХ-аар хэлэлцэгдэх эрх зүйн чадамжтай болох юм.





