Нийслэл хотод хэрэгжиж буй Дүүжин замын тээврийн төсөл-ийн техникийн туршилтын ажил албан ёсоор эхлээд байна. Одоогоор аюулгүй байдлыг хангах үүднээс хүн суулгахгүйгээр, кабинуудын дотор элс болон ус байршуулан даацын туршилтуудыг явуулж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын мэдээлснээр, улсын комисс хүлээж авахаас өмнө 2-оос 3 түвшний туршилт, шалгалтын ажлууд хийгдэх аж. Энэхүү бэлтгэл ажлуудыг хангасны дараа ирэх 12 дугаар сарын 15-наас эхлэн дүүжин тээврийг нийслэлийн иргэдэд үйлчилж эхлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Төслийн гол үзүүлэлт болон тарифын тооцоо
-
Кабины тоо: Тус шугамд нийт 98 кабин бэлэн байгаа.
-
Зорчих тариф: Иргэд нэг удаа зорчихдоо 1,500-аас 2,000 төгрөг төлөхөөр эдийн засгийн тооцоолол хийгдэж байна.
-
Санхүүжилт: Уг төсөл нь Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр, урьдчилсан байдлаар 50-60 сая ам.долларын өртөгтэйгээр хэрэгжиж буй ажил юм.
Иргэдийн дунд "Яармагаас хэн Хархорин орох юм бэ" гэсэн шүүмжлэл гарч буйг хотын захирагч онцолсон юм. Гэвч энэхүү 50-60 сая ам.доллараар боссон бүтээн байгуулалтыг үр ашигтай болгохын тулд Хархориноос цааш хотын төв рүү холбогдох бусад нийтийн тээврийн сүлжээг зангидаж өгөх нь хамгийн чухал төлөвлөлт гэж үзэж байна.
Хэрэв тус трасс дээр иргэдийн хэрэглээ болон сэтгэл ханамж сайн байвал цаашид Дараагийн трассыг үргэлжлүүлэн судлах аж. Түүнчлэн Хархорины эцсийн зогсоолоос цааш Sky Shuttle болон метроны төсөлтэй зөрөг холболтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгааг мэдээллээ.





