Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд мопед, скүүтер болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгохтой холбоотой Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгосон талаар Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас мэдээллээ.
Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжуудыг хянаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх хүртэл энэ төрлийн үйл ажиллагаа явуулахгүй байх шаардлагыг 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргад албан бичгээр хүргүүлээд байсан юм.
Ямар зөрчил, дутагдал тогтоогдсон бэ?
Дээрх захирамжуудаар нийтийн эзэмшлийн талбай ашиглан цахилгаан мопед түрээслүүлэгч нэр бүхий 6 аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулах энгийн зөвшөөрөл олгосон байжээ. АТГ-ын хяналт шалгалтаар дараах нөхцөл байдал, зөрчлүүд тогтоогдсон байна. Үүнд:
-
Эрх зүйн тодорхойгүй байдал: Уг энгийн зөвшөөрөл нь өмнө нь олгогдож байгаагүй бөгөөд одоогийн зөвшөөрлийн жагсаалттай давхардах, уялдах эсэх нь тодорхойгүй. Мопед болон скутер нь одоогоор ямар тээврийн хэрэгсэлд хамаарахыг хууль тогтоомжид тодорхойлоогүй.
-
Бүртгэл, татварын зохицуулалтгүй: Эдгээр тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй, зөвшөөрлийн улсын тэмдэгт, татвар, төлбөр хураамжийн хэмжээ тодорхойгүй.
-
Дэд бүтэц, аюулгүй байдал хангагдаагүй: Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуй, мопед, скутер зорчих хэсэг, эгнээ, хөвөө, зогсоол, тусгаарлалт, зөвшөөрсөн болон хориглох тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байршуулах ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй.
-
Эрх мэдлээ хэтрүүлсэн: Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн.
АТГ-ын шаардлага ба Хотын даргын шийдвэр
АТГ-аас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад тухайн шинээр бий болгох зөвшөөрөл шаардлагатай эсэхийг харгалзан дүгнэлт гаргахыг шаардсан юм. Мөн зөвшөөрлийн нэршил, хамрах хүрээг нягталж хуульд нийцүүлэх, зорчих чиглэл, байршил, замын трансыг тодорхой болгох хүртэл олгогдсон зөвшөөрлийн хугацааг хойшлуулж, зөрчлийг арилгасны дараа үйл ажиллагааг эхлүүлэхийг мэдэгдсэн байна.
Шийдвэр: Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/820 дугаар захирамж гарлаа. Уг захирамжаар мопед, скутер түрээслэх, зөвшөөрөл олгох тухай А/387, А/552 дугаар захирамжуудыг албан ёсоор хүчингүй болгосныг эргэн мэдэгдлээ.








