• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Б.БАТТУЛГА: "COP-17 хурлын ногоон бүсийн шал эхний өдрөө л хяхтнаж дуугарч байсан"

Б.БАТТУЛГА: "COP-17 хурлын ногоон бүсийн шал эхний өдрөө л хяхтнаж дуугарч байсан"

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг эх орондоо амжилттай зохион байгуулж байна. Олон улсын төлөөлөгчид чуулж, үндсэн хэлэлцүүлгүүд өрнөж буй “Цэнхэр бүс”-ийн зохион байгуулалт болон барилга байгууламжийг оролцогчид болон аж ахуйн нэгжүүд өндрөөр үнэлж байгаа юм.

Гэвч олон нийтэд нээлттэй “Ногоон бүс”-ийн барилга байгууламжийн чанар, гүйцэтгэл хэрэглэгчдийн сэтгэлд нийцэхгүй, нэлээдгүй шүүмжлэл дагуулж эхэллээ.

“Эхэндээ шал эвдчихлээ л гэж бодсон” — Иргэд ба зочдын байр суурь

Ногоон бүсийн асарт иргэдийн сэтгэгдэл дурдагдах нь — шал хяхтнаж дуугарах, жин ихтэй хүн өнгөрөхөд бүхэлдээ доргих. Энэ асуудал нь зөвхөн үзэмж, тав тухын асуудал биш, илтгэгчдийн яриаг сонсох, чухал хэлэлцүүлэгт анхаарал хандуулахад саад болж байгааг оролцогчид хэлж байна.

  • Иргэн: “Банз шиг юм уу, дөрвөлжин юм аччихсан ачааны газар өгдөг шиг зүйлээр хийсэн юм уу гээд л бодлоо. Яхирч дуугараад л... Ер нь их төвөгтэй байна.”

  • Иргэн: “Шал нь хяхтнаж дуугарахаар л 'За, энэ чинь нэг хямдхан чанаргүй юм тавьчихжээ, шүүмжлэл их дагуулах байх даа' гэж дотроо бодсон.”

  • Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл хотын биологийн багш Мелисса Деаун: “Эхэлж гишгэхдээ би шал эвдчихлээ гэж бодсон (инээв). Тэгээд гишгэх бүрд дуугараад байхаар нь 'Аан за, зүгээр юм шиг байна' гэж бодсон ч бага зэрэг төвөгтэй санагдсан.”

Ногоон бүсийг хэн гүйцэтгэсэн бэ?

Энэхүү асуудлын талаар “COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулгаас тодруулахад хариуцлагын заагийг дараах байдлаар тайлбарлав.

“Манай байгууллага Цэнхэр бүсийн бүтээн байгуулалтыг өөрсдөө харж, хянаж хийлгэсэн. Харин Ногоон бүсийн хувьд Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас сонгон шалгаруулалт зарлаж, 'Лаёон Партнер Аллаёонс' ХХК-тай гэрээ байгуулсан юм.

Шал дуугараад байгаа талбай бол Нийслэлийн талбай дээр байрлуулсан асар. Доороо шалгүй байсан тул нэмэлт шал тавьсан. Эхний өдөр хяхтнаад байна гэхэд гүйцэтгэгч тал 'Шинэ шал учраас чийгтэй байна, олон хүн ороод ирэхээр гайгүй болно' гэсэн ч одоо хүртэл дуугарсаар л байна. Бидний зүгээс гүйцэтгэгч компанид нь засах хүсэлт тавьсан.”

Гүйцэтгэгч компанийн тайлбар тодорхойгүй байна

Ногоон бүсийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн "Лаёон Партнер Аллаёонс" ХХК-ийн захирал н.Хосбаяртай холбогдон нөхцөл байдлыг тодруулахыг заргалдсан боловч тэрээр “Сайн сонсогдохгүй байна” гэх хариулт өгсөн юм. Үүний дараа дахин холбогдох гэж оролдсон ч утас нь холбогдох боломжгүй болж, лавлах асуултад хариулт өгөхөөс зайлсхийв.

Олон улсын хэмжээний арга хэмжээний үеэр "Цэнхэр бүс"-д өндөр чанар шаардаж, олон нийт хамрагдах "Ногоон бүс"-д чанарын хяналт сул тавьсан уу? гэдэг асуулт иргэдийн дунд эргэлзээ дагуулж байна.

Үүнээс гадна, хоёр бүсийн аль алинд нь борооны ус зайлуулах шугам тусгагдаагүйгээс хүндрэл үүсээд байна. Зарим хэсэгт бороо орох бүрд ус тогтон автаж байгаа нь зохион байгуулалтын барилга байгууламжийн төлөвлөлт, хяналтын сул талыг харуулж байна.

Энэхүү бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилт болон чанарын шаардлагын талаар бид эргэн мэдээлэх болно.