• Нүүр
  • Мэдээний өрөө
  • О.Цогтгэрэл: Засгийн газзар ард түмний нүд, чихийг "торгон хөшгөөр" л торгоодог боллоо

О.Цогтгэрэл: Засгийн газзар ард түмний нүд, чихийг "торгон хөшгөөр" л торгоодог боллоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл төсвийн тодотгол болон Засгийн газрын ажлын арга барилтай холбогдуулан өөрийн цахим хуудастаа шүүмжлэлтэй байр суурь илэрхийллээ. Тэрээр АН-ын гишүүд хувиараа болон баг бүрэлдэхүүн гарган төсвийн тодотголтой бүрэн танилцаж эхэлснийг дурдаад, тун удахгүй бодит мэдээллийг олон нийтэд үе шаттайгаар хүргэх болно гэдгийг мэдэгдэв.

Сүүлийн үеийн Засгийн газруудын ажлын барил олон нийтийн нүд, чихийг "торгон хөшгөөр" таглах зарчмаар явж ирснийг тэрээр онцолсон юм. Тодруулбал, эхлээд иргэдэд ашигтай, аятайхан шийдвэр гаргасан мэт пиар мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр битүү явуулж, хүмүүст итгэл үнэмшил төрүүлдэг. Гэвч тэрхүү хөшигний цаагуур шагайгаад харахаар яг энэ удаагийн төсвийн тодотгол шиг алдаатай, "хөгийн" шийдвэрүүд тусгагдсан байдаг гэв.

Түүнчлэн АН-ын бүлэг болон намын зүгээс алдаатай шийдвэрийг буруу гэж шүүмжлэн, засах гарц шийдлийг санал болгох бүрд Засгийн газар төлбөрт хэвлэл, тролл хаягуудаараа дамжуулан сөрөг хүчин болон намын удирдлагуудыг харлуулах шал өөр асуудлыг сэвж эхэлдэг хэмээн тэрээр шүүмжлэв. Ийнхүү үндсэн сэдвийг бусад хаа хамаагүй мэдээллээр булингартуулж, бодит асуудлыг хүмүүст ойлгох аргагүй болгон "бантан" хутгадаг арга барилыг олон засаг дараалан ашиглаж ирсэн тул цаашид тогтолцоог өөрчилж, шинэчлэхээс өөр сонголтгүй болсныг тэмдэглэжээ. Засгийн газар үнэнээ ил тод ярьдаг байвал сөрөг хүчин ч, ард иргэд ч асуудлыг зөвөөр ойлгоход бэлэн байгааг тэрээр уриалсан байна.