"Urban Talk" нэвтрүүлгийн оролцогчдыг Зөрчлийн хуулиар торгожээ

"Urban Talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ" хэмээн ярьсан нь олон нийтийн шүүмжлэл, бухимдлыг дагуулсан билээ. Уг асуудлын мөрөөр Цагдаагийн ерөнхий газар болон Улсын ерөнхий прокурорын газраас шалгалтын ажиллагааг эхлүүлээд байсан юм.

Тэгвэл уг нэвтрүүлэгт оролцсон Х.Санжсүрэн, Ганбаатар, Ч.Хантүмэн нарын 6 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Мөн хуулийн этгээд буюу нэвтрүүлгийг үүсгэн байгуулагч Я.Учралыг 1 сая төгрөгөөр торгосон байна.

Түүнчлэн "Учралт каналайзер" ХХК нь хүүхдэд хортой агуулгыг хязгаарлах үүргээ биелүүлээгүй байж болзошгүй гэж үзэн, харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шилжүүлэн шалгуулж байна. Шалгалтын ажиллагаа одоогоор үргэлжилж байгаа аж.