НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдахтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт, түр зохицуулалтуудыг хийж байна. Олон улсын хэмжээний өндөр түвшний энэхүү арга хэмжээний үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим худалдааны төвүүдийн зогсоолыг хааж, тодорхой авто замуудад хязгаарлалт тогтоожээ.
Авто зогсоолын түр зохицуулалт
Арга хэмжээний өдрүүдэд дараах худалдааны төвүүдийн гаднах авто зогсоолыг бүрэн хаана:
-
Нарантуул ОУХТ-ийн авто зогсоол
-
Дүнжингарав худалдааны төв-ийн авто зогсоол
-
Шинэ 100 айл худалдааны төв-ийн авто зогсоол
Эдгээр худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд хувийн автомашинаар очихоос заавал зайлсхийж, нийтийн тээврийг сонгох эсвэл чиглэлээ урьдчилан төлөвлөн зорчихыг зөвлөж байна.
Авто замын хязгаарлалт ба тусгай бүсүүд
Дараах замын хэсгүүдэд хувийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд зөвхөн нийтийн тээвэр болон онцгой албаны тээврийн хэрэгсэл нэвтэрнэ:
-
Дүнжингарав захын баруун урд уулзвараас Дүнжингаравын гудамжийг Зүүн Жанжин 1-р гудамжтай холбосон уулзвар хүртэлх зам
-
Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Өгөөмөр захын зүүн урд уулзвар хүртэлх зам
-
Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Дүнжингарав захын баруун урд уулзвар хүртэлх авто зам
Иймд иргэд дээрх чиглэлд хувийн автомашинтай зорчих боломжгүйг анхаарч, ойр орчмын туслах зам, нийтийн тээвэр болон явган хөдөлгөөнийг сонгох хэрэгтэй.
Нийтийн тээврийн нэмэлт богино эргэлтүүд
Иргэдийг шуурхай, саадгүй зорчуулах зорилгоор дараах чиглэлүүдэд нийтийн тээврийн нэмэлт богино эргэлтийн автобусуудыг явуулж эхэллээ:
-
Офицер — Нарантуул — Дүнжингарав чиглэл
-
120 мянгат — Хоумплаза — Нарантуул — Дүнжингарав чиглэл
Нийслэлийн иргэн та бүхнийг замын хөдөлгөөний түр зохицуулалтад хүлээцтэй, найрсаг хандаж, бусдад шаардлагатай шаардлага тавин, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг уриалж байна.





