• Нүүр
  • Мэдээний өрөө
  • С. ЦЭНГҮҮН: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЭЭЛТЭЙ, ТӨРИЙН ДАРАМТГҮЙ БИЗНЕСИЙН ОРЧИН БҮРДЭХЭД ТҮЛХЭЦ БОЛНО

С. ЦЭНГҮҮН: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЭЭЛТЭЙ, ТӨРИЙН ДАРАМТГҮЙ БИЗНЕСИЙН ОРЧИН БҮРДЭХЭД ТҮЛХЭЦ БОЛНО

Үндсэн хууль болон бусад хуульд харшилж байгааг мэдсээр байж 1991 оны хуулийг хэрэглээд байвал эрх зүйт тогтолцоо гажуудах тул хүчингүй болгох нь зүйтэй.

Монгол Улс ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш даруй 30 гаруй жил өнгөрчээ. Гэвч өнөөдрийг хүртэл манай улсын эрх зүйн орчинд шилжилтийн үеийн буюу 1991 оны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн сэтгэлгээг хадгалсан хууль үйлчилсээр ирсэн нь бизнесийн орчин, хувийн өмчийн халдашгүй байдалд томоохон эрсдэл үүсгэж байна.

Энэ бол “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай” 1991 оны хууль юм. Уг хуулийг хүчингүй болгох үндэслэл, ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүний илэрхийлсэн байр суурийг багцлан хүргэж байна.

Хувийн өмчийн халдашгүй байдал

Сүүлийн жилүүдэд Засгийн газраас стратегийн ач холбогдолтой гэх нэр зүүлгэж уул уурхайн салбарын 4 компани, төмөр замын тээврийн 1 компани, мөн ДЦС-4-д онцгой дэглэм тогтоосон. Эдгээр компаниуд цэвэр төрийн өмч байгаагүй бөгөөд хувийн хэвшил, иргэдийн өмчлөлийн оролцоотой байв.

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК: 26.5 хувийг иргэд болон хувийн хэвшлийнхэн эзэмшдэг.

  • “Тавантолгой төмөр зам” ХК: Олон талын өмчийн оролцоотой бүтэцтэй.

  • “Тавантолгой” ХК: Тодорхой хувийг Канад улсын хөрөнгө оруулагчид эзэмшиж байсан.

1991 оны хуулиар төр дуртай үедээ хувийн хэвшлийн компаниудад ч онцгой дэглэм тогтоох эрх нээлттэй хэвээр байгаа нь ААН-үүдэд “хэзээ манай компанид онцгой дэглэм тогтоох бол?” гэсэн айдас бий болгожээ. Энэ нь бизнесийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх гол эрсдэл болоод байна. Монголд хөрөнгө оруулбал Засгийн газар нь шууд онцгой дэглэм тогтоогоод, удирдлагыг нь булаагаад авчихдаг гэсэн таагүй мессеж олон улсад хэдийнэ түгжээ.

"Уг хуулийг хүчингүй болгосноор хөрөнгө оруулалтыг шууд огцом нэмэгдүүлэхгүй байж болох ч, хөрөнгө оруулалтад саад болж буй томоохон эрсдэлийг бууруулж, хувийн өмчийг бодитоор хамгаална."

Хууль дамнасан гажуудал ба Хөдөлмөрлөх эрхийн зөрчил

Монгол Улсын Үндсэн хуулиар өмч эзэмших, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсан. Мөн ААН-үүдийн үйл ажиллагааг Компанийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулдаг.

Гэтэл онцгой дэглэм тогтоох нэрийдлээр компаниудын удирдлагыг төрөөс шууд өөрчлөх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг хязгаарлах, гэрээ хэлцлийг цуцлах, ажилтнуудыг бөөнөөр нь ажлаас чөлөөлөх зэрэг хууль бус үйлдлүүд хийгдэж иржээ.

  • Бодит жишээ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа ажлаас халагдсан 60 орчим ажилтан шүүхэд хандсан. Гэвч ердөө 3-аас бусад тохиолдолд нь “Ердийн хөдөлмөрийн эрх зүйн хамгаалалт үйлчлэхгүй” гэх үндэслэлээр хэргийг буцаасан. Өөрөөр хэлбэл, 1991 оны хууль нь Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулийг давж үйлчилсэн байна.

Төрийн аудитын ерөнхий газрын 2020 оны тайланд дурдсанаар төрийн өмчит компаниудын 42 хувь нь Засгийн газрын шууд чиглэлийн дагуу шийдвэр гаргадаг бөгөөд бие даан ажиллах чадваргүй байна. Үүнд Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилдог хууль зүйн гажуудал өндөр нөлөө үзүүлжээ.

1991 оны нөхцөл байдал өнөөдөр эрс өөрчлөгдсөн

1991 оны 1 дүгээр сард Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжиж, хүнс, шатахууны хомсдолд орж, мөнгөний ханш унасан хямралын үе байв. Тухайн үеийн хүндрэлийг давах гэж Засгийн газарт стратегийн үйлдвэрүүдийг 6 сар хүртэл хугацаагаар шууд хяналтдаа авах онцгой эрхийг олгож байжээ.

Харин өнөөдөр бид 1992 оны Үндсэн хуультай, ардчилсан, зах зээлийн өрсөлдөөнт эдийн засагтай улс. Албан тушаалтан хариуцлага алдвал түүнийг шийддэг ТУЗ, аудит, шүүх, хууль хяналтын бүтэн тогтолцоо бий болсон.

Энэхүү тогтолцоогоо сайжруулахын оронд 1991 оны хуулийг шууд хэрэглэх нь Засгийн газар хариуцлага алдсан этгээдүүдийг хамгаалж буй далд хэлбэр бөгөөд бусад бүх хууль тогтоомжийг бүдгэрүүлж буй эрх зүйн гажуудал юм.

Хууль зүйн тодорхойгүй байдлыг арилгаж, ирээдүйн эрсдэлийг буурууллаа

1991 оны хуульд “үйлдвэрийн газар, байгууллага” гэх нэр томьёог хэрэглэсэн байдаг. Тухайн үед хувийн хэвшил, чөлөөт өрсөлдөөний тогтолцоо бүрдээгүй байсан тул энэ нь зөвхөн төрийн өмчийг зааж байсан нь тодорхой.

Гэтэл өнөөдөр компани, хоршоо, нөхөрлөл, сан, холбоо зэрэг өөр өөр эрх зүйн хэлбэрүүд үүссэн байхад Засгийн газар уг хуучны нэр томьёог өргөтгөн тайлбарлаж, компаниудад онцгой дэглэм тогтоох үндэслэл болгон ашиглаж ирлээ. Энэ нь компанийн засаглалд захиргааны хяналтыг давамгайлуулж, иргэдийн өмчлөх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах эрсдэл дагуулж байна.