Балбын Нувакот дүүргийн Гандаки голын хөндийд орших "Трибхуван Тришули" дунд сургуулийн захирал Ражэндра Давади аюулт үер буухаас ердөө 10 минутын өмнө сургуулиа нүүлгэн шилжүүлж, 900 гаруй сурагчийн амь насыг авран хамгааллаа.
Өглөөний 09:10 цагийн үед захирал Давадигийн утсанд иргэд болон эцэг эхчүүдээс аюулт үер ойртож байгаа тухай яаралтай сануулга шил дараалан иржээ. Нөхцөл байдал ноцтой болсныг шууд ойлгосон тэрээр цаг алдалгүй сургуулийн аюулгүйн хонхыг цохиж, сурагчдыг өндөрлөг газар руу яаралтай нүүлгэн шилжүүлэх тушаал өгсөн байна.
"Эцэг эхчүүд шалтгаангүйгээр тэгж сандарч ярихгүй. Тиймээс цаг алдаж болохгүйг шууд ойлгосон. Бид шийдвэрээ ердөө 10 минут л оройтуулж гаргасан бол өнөөдөр бидний хэн нь ч энд яриад зогсож байхгүй байлаа" хэмээн захирал Р.Давади ярьжээ.
Тэрээр сургуулийн байранд байсан 900 гаруй хүүхдийг аюулгүй бүсэд гаргаснаас гадна сургууль руу чиглэн явж байсан автобуснуудыг ч замд нь буцаан аюулгүй газар руу чиглүүлж чадсан байна.
"Амьд гарах хэдхэн секунд"
Аюулаас мултран гарсан 16 настай сурагч Юниша Аматья: "Биднийг хичээллэж байтал багш нар сандран орж ирж, сургуулиас яаралтай гарахыг сануулсан. Сургуулийн арын нарийхан шатаар өндөрлөг хэсэг рүү мацаж гарахад доод талын гудамж, байшингууд бүхэлдээ ус, шаварт урсан сүйдэж байлаа" хэмээн ярьжээ. Хүүхдүүдийн хувьд энэ нь хэдхэн секунд, минутын зөрүүтэй амьд гарсан аймшигтай хэдий ч азтай явдал болов.
Уулнаас бууж ирсэн хөрсний болон мөсөн голын асар их ус, шавар хар эрчээрээ сургуулийн ойролцоох дотуур байр болон эргэн тойрны барилгуудыг хэдхэн минутын дотор усанд автуулж, сүйтгэжээ.
Захирал Давади цаашид тус бүс нутагт аюулын мэдээллийг түргэн шуурхай хүргэх боловсронгуй систем нэн шаардлагатай байгааг тэмдэглээд, тухайн үед цаг алдалгүй гаргасан шийдвэр нь олон зуун хүүхдийн амь насыг хамгаалсанд баяртай байгаагаа илэрхийлэв.





