Непалын Расува дүүрэгт буусан гэнэтийн аюулт үерт Непал-Хятадын хил дагуух суурингууд автлаа. Усны давалгаа бүс нутгийг нөмрөх үед иргэд амь дээсэн дөрөөн дээр зугтаж буй аймшигт бичлэгүүд олон нийтийн сүлжээнд цацагджээ.
Уг байгалийн гамшгийн улмаас хамгийн багадаа 162 хүн амиа алдаж, зуу зуун иргэн сураггүй болоод байна.
Мөн Төвөд дэх Непал-Хятадын хил орчмын Жиронг (Gyirong) боомтын цагаачлалын албаны хяналтын камерын бичлэгт үерийн асар том сүйрэлт хүчийг буулгасан байна. Шавар, тунадасны асар том давалгаа барилгын цонхны хажуугаар бургилан өнгөрч, хүмүүс сандран зугтах зуур орчны дэд бүтцийг хоромхон хугацаанд нөмрөн авчээ.
Непалын цагдаагийн газраас доод тал нь 157 хүн амь насаа алдсан гэж мэдээлсэн бол Хятадын төрийн төв телевиз (CCTV) Төвөдийн Жиронг хошуунд 3 хүн нас барж, 265 хүн сураггүй байгааг мэдээлэв.
Гамшгийн улмаас олон зуун гадаадын иргэн сураггүй болоод байна. Непалын эрх баригчдын мэдээлснээр алга болсон 403 хүний 341 нь гадаадын аялагчид бөгөөд тэдний дунд Кайлас уул руу аялж явсан Энэтхэгийн 133 иргэн хамрагджээ. Мөн АНУ-ын 47, Австралийн 34, Их Британийн 33, Канадын 24 иргэнтэй холбоо тасарсан байна.
Непалын Аялал жуулчлалын зөвлөлөөс Расува дүүргийн Госайнкунда нуурын бүсэд аялж явсан Непалын 62 иргэн, мөн аврах ажиллагаанд явсан цагдаагийн 28 алба хаагч сураггүй болсныг нэмж мэдээллээ. Катманду хотын төв эмнэлгийн гадаа аврагдсан болон бэртэж ирсэн хүмүүсийн нэрсийг жагсаан наасан бөгөөд алга болсон ойр дотны хүмүүсийнхээ нэрийг хайсан олон зуун хүн дугаарлан хүлээж байна.
Одоогоор Непалын цагдаа, арми болон аврах ангийнхан эрэлч нохдын хамт гамшгийн бүсэд ажиллаж байгаа бөгөөд цаг агаарын таагүй нөхцөл, борооны улирал дуусаагүй байгаа тул давтан үер, хөрсний нуралт үүсэх эрсдэлтэйг анхааруулж байна.
Гамшгийн шалтгаан: Газар хөдлөлт биш, мөсөн голын нуралт
Анх Непал-Хятадын хил орчимд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдсаныг гамшгийн шалтгаан гэж үзэж байв. Гэвч АНУ-ын Геологийн алба (USGS) хожим нь газар хөдлөлт биш, харин 5.2 магнитудын чичирхийлэл үүсгэсэн мөсөн голын асар том нуралт болсныг тогтоожээ.
Мөс, чулуу, хөрсний нуралт голын урсгал дагуу уруудан, гэнэтийн усны давалгаа үүсгэж, доод талын хөндийнүүдийг арчин хаясан байна. Азийн уулархаг бүс нутгийг судлах олон улсын төвийн (ICIMOD) судлаачдын мэдээлснээр Тришули голын усны түвшин ердөө хагас цагийн дотор 9 метр хүртэл нэмэгджээ.
Зам, дэд бүтэц сүйтгэгдэв
Үер тээвэр, эдийн засгийн чухал коридор болдог уулын хөндийгээр урьдчилан анхааруулах боломжгүйгээр гэнэт буусан юм. Хамгийн багадаа 19 гүүр, бараг 40 км урт зам усанд урссан бөгөөд Ботекоши гол эрэг дагуух суурингуудыг нөмөрч, тосгод болон усан цахилгаан станцуудыг сүйтгэжээ.
Энэхүү сүйрлийн улмаас гамшигт нэрвэгдсэн бүс нутгууд бүрэн тусгаарлагдсан нь эрэн сурвалжлах, аврах ажиллагаанд том саад бэрхшээл учруулж байна. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Непал улс Энэтхэг болон Хятад улсаас тусламж хүсчээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Непалын Ерөнхий сайд Балендра Шахтай утсаар холбогдож, аврах болон тусламжийн ажиллагаанд шаардлагатай бүх талын хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Мөн НҮБ-ын агентлагууд тусламжийн багуудыг томилон ажиллуулж эхэлжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Гиндукуш Гималайн бүс нутаг дахь мөсөн голын хайлж буй хурдац нь энэ төрлийн гэнэтийн үер, хөрсний нуралтын эрсдэлийг эрс нэмэгдүүлж байгааг эрдэмтэд анхааруулсаар байна.





