• Нүүр
  • Мэдээний өрөө
  • АИ-92 автобензиний нөөц, нийлүүлэлтийг тогтворжуулахаар Шуурхай штаб хуралдаж байна

АИ-92 автобензиний нөөц, нийлүүлэлтийг тогтворжуулахаар Шуурхай штаб хуралдаж байна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаарх тодорхой шийдвэрүүдийг гарган, олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна.

Манай улсын хувьд АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн болон оргил ачааллын үед 70 мянган тоннд хүрдэг. Засгийн газрын зүгээс нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр дараах захиалгуудыг баталгаажуулаад байна гэлээ.

8-р сарын нийлүүлэлт болон импортын зохион байгуулалт

Энэ сард бодит хэрэглээг хангахаас гадна эрсдэлээс сэргийлэх нөөц бүрдүүлэх импортын татан авалтуудыг хийж байна:

  • ОХУ-ын "Роснефть" компаниас: 50,000 тонн

  • Бусад нийлүүлэгчдээс: 10,000 тонн

  • БНХАУ-аас: 6,000 тонн

  • Нийт баталгаажсан нийлүүлэлт: 66,000 тонн

Үүнээс гадна, шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор БНСУ-аас 20,000 тонн АИ-92 автобензин авах захиалгыг баталгаажуулж, нөөц бүрдүүлэлтийг эрчимжүүлж байна.

Засгийн газрын зүгээс импортын татан авалт, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, агуулахын хадгалалт болон түгээлтийн бүх шатанд 24 цагийн турш шуурхай ажиллаж байна.

Мөн шатахуун нийлүүлэлтийн явц болон түгээлтийн бодит мэдээллийг иргэдэд тогтмол, ил тод хүргэж ажиллах үүргийг холбогдох албаныханд өгөөд байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын уриалга: "Иргэд та бүхэн элдэв цуу ярианд автахгүйгээр албан ёсны эх сурвалжийн мэдээлэлд итгэж, тайван, хүлээцтэй хандахыг хүсэж байна."