Гадаад хүчин зүйлсээс шууд хамааралтайгаар дэлхий нийтэд түлш, шатахууны зах зээлийн нөхцөл байдал тодорхойгүй, урьдчилан таамаглахад бэрх орчин бүрэндээд байна. Газрын тосны зах зээл цаашид хэрхэн өөрчлөгдөх, нийлүүлэлтийн сүлжээ ямар шатанд очих вэ гэдэг нь олон улсын өмнө тулгамдсан гол асуудал болов. Энэхүү тодорхойгүй байдлын улмаас газрын тос экспортолдог болон импортолдог улс орнууд стратеги нөөцөө бүрдүүлэх, экспортын урсгалаа хязгаарлах зэрэг шуурхай алхмуудыг авч хэрэгжүүлж эхэлжээ.
Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагийн мэдээлснээр, дэлхийн улс орнууд шатахууны хямралтай нүүр тулахдаа дотоодын эрэлтээ бууруулах, хэмнэлтийн горимд шижих дараах цогц бодлогуудыг баримталж байна.
Төрийн хэмнэлт ба цахимаар ажиллах горим
Хөгжиж буй болон өндөр хөгжилтэй улс орнууд өнгөрсөн хавраас эхлэн төрийн байгууллагуудын шатахууны хэрэглээг танах шийдвэрүүдийг дарааллан гаргав. Түүнчлэн нийлүүлэлтийн урсгал доголдсонтой холбогдуулан иргэд болон хувийн хэвшлийнхнийг "гэрээсээ ажиллах" (remote work) горимд шижихийг уриалж, дотоод эрэлтийг тодорхой хэмжээгээр бууруулах тактик баримталж байна.
Автомашины хөдөлгөөнийг ээлжлэн зохицуулах олон улсын туршлага
Дэлхийн 10 гаруй улс оронд автомашины хөдөлгөөнийг ээлжлүүлэн сөөлжлүүлэх, тээврийн хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах замаар шатахууны хэрэглээг бууруулж байгаа аж. Тухайлбал:
-
Оросын Холбооны Улс: Зарим бүс нутагтаа автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийв.
-
Бүгд Найрамдах Солонгос Улс: Энэ оны III сараас эхлэн төрийн болон төрийн өмчит байгууллагуудын албаны автомашинуудын хэрэглээг бууруулах журам хэрэгжүүлсэн. Эхэндээ долоо хоногийн нэг өдөр зорчуулахгүй байх горим үйлчилж байсан бол сүүлийн саруудад дугаарын тэгш, сондгойгийн зохицуулалтад шилжүүлжээ.
-
Зүүн Өмнөд Азийн орнууд: Бангладеш, Лаос зэрэг улс нийтийн тээврийн хэрэглээг дэмжиж, иргэдийг хувийн машинаас татгалзан нийтийн тээврээр зорчихыг уриалах бодлого түлхүү баримталж байна.
Шатахуун хэмнэлтийн жолоодлого ба ухаалаг хуваарилалт
Япон, Чили, Перу зэрэг хөгжингүй орнуудад "шатахуун хэмнэлтийн жолоодлого" (eco-driving)-ын стандартыг олон нийтэд сурталчлах ажил эрчимжиж байна. Жолооч нарт огцом хурд авахгүй байх, сул зогсолтыг багасгах, агааржуулагчийн хэрэглээг зохистой тохируулах зэрэг сургалт, зөвлөмжийн хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж эхэлжээ.
Мөн Шри-Ланка болон ОХУ-д нэг автомашинд олгох шатахууны хэмжээнд хязгаарлалт тогтоох, шатахуун түгээх станцууд дээр дугаарлалт багасгах зорилгоор цахим ба цагийн ухаалаг зохицуулалтуудыг нэвтрүүлээд байна.
Дунд болон урт хугацааны бэлтгэл шаардлагатай
Олон улсын эрчим хүчний агентлаг болон мэргэжлийн судалгааны байгууллагуудын дүгнэлтээр, шатахууны зах зээлийн хямралт нөхцөл байдал дунд болон урт хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй байна. Иймд дэлхийн улс орнууд богино хугацааны хязгаарлалт хийгээд зогсохгүй, дотоодын эрэлт хэрэгцээгээ багасгах, стратеги нөөцөө зузаатгах чиглэлээр урт хугацааны бэлтгэл хангахад анхаарч байна.





