Нийтийн тээврийн ууган байгууллага, 72 жилийн түүхтэй “Зорчигч тээвэр нэг”-ийн жолооч Д.Насанбат, М.Эрдэнэцогт нар өнөөдөр алтан гараагаа хийж, гавьяаныхаа амралтад мордлоо. Д.Насанбат нь цэргийн алба хааж дуусаад, цэл залуу 21 насандаа нийтийн тээврийн салбарт хөл тавьж, 34 жилийн турш тасралтгүй ажилласан бол М.Эрдэнэцогт 26 жил жолоочийн хариуцлагатай албыг нэр төртэй хашжээ.
Олон жилийн хөдөлмөрийнхөө замналаа үдэж буй тэд залгамж халаа болсон залуу жолооч нартаа “Ажилдаа үнэнч, шударга ёс зүйтэй байж, унаж байгаа техникээ өөрийн юм шиг хайрлаж, ариг гамтай эдэлж яваарай” хэмээн захив. Нэг байгууллага, нэг салбарын төлөө идэр залуу нас, уйгагүй хөдөлмөр зүтгэлээ зориулсан Д.Насанбат, М.Эрдэнэцогт нарынхаа олон жилийн хөдөлмөрт нь хамт олон нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Ахмад жолооч нарын маань алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.





