• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Үндэсний эв нэгдлийг хагарган бутаргасан гэж үзэж байгаа үндэслэл нь ердөө л ганцхан энэ малгай..."

"Үндэсний эв нэгдлийг хагарган бутаргасан гэж үзэж байгаа үндэслэл нь ердөө л ганцхан энэ малгай..."

"Hero entertainment"-ийн зургийн дарга Г.Удаанжаргал найруулагч Б.Баатарыг 30 хоногоор цагдан хорих шийдвэр гарсан явдалд байр сууриа илэрхийлж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ.

“Алба хаагчид гэрийн гаднаас баривчилсан”

Тэрээр тухайн үйл явдлын талаар: “Тагнуулын ерөнхий газрын тусгай ажиллагааны газраас хоёр машин бүхий алба хаагчид гэрийнх нь ойролцоо хүн байршуулж зогссон байдалтай байсан. Гаднаас орж ирээд хэлэхэд найруулагчийн хувьд гараад шууд уулзсан. 'Энэ мөрдөгч одоо танаас тайлбар авна гэсэн, хамт явах ёстой' гээд үг дуугүй баривчилгаа хийсэн. ТЕГ-т аваачсан ч бид нарыг оруулаагүй учир өмнөх татгалзсан өмгөөлөгчөө авахаас өөр замгүй болсон” гэв.

  • Аравдугаар сарын 2-ны баасан гараг: 13:30 цагт шүүх хурал эхэлсэн. Шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзсан боловч шүүх уг татгалзлыг үндэслэлгүй гэж үзэж хүлээж аваагүй байна. Улмаар 17:00 цагт үргэлжилсэн шүүх хурлаас шүүгч “Энэ хүнийг цагдан хорьж таслан сэргийлэх үндэслэлгүй байна” гэсэн шийдвэр гаргажээ.

  • Аравдугаар сарын 5-ны өдөр: Нийслэлийн прокурорын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэн эсэргүүцэл бичиж, шүүгч н.Халиун 16:30 цагт шүүх хурал зарлажээ. Энэ удаагийн хуралдаанаар “Гэмт хэргийг үйлдэх, төгсгөх үндэслэл бүхий баримт байна” гэж үзэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

“Мөнгө угаасан зүйл байхгүй, үндэслэл нь ердөө л нэг малгай”

Г.Удаанжаргал ярихдаа: “Хэлэх үг олдохгүй процесс болж байна. Хийгээгүй, санаачлаагүй зүйлийг үндэслэн цагдан хорьлоо. Үндэслэл нь юу юм бэ? Үндэсний эв нэгдлийг бусниулсан уу гэж харахаар тийм юм алга. Би дандаа хамт байдаг. Манай найруулагч Б.Баатар уран бүтээл хийх болгондоо үндэсний үзлийг түгээдэг хүн. Гэтэл жагсаал цуглаан байгуулж, үндэсний эв нэгдлийг хагарган бутаргасан гэж үзэж байгаа үндэслэл нь ердөө л ганцхан энэ малгай байсан. Цаана нь мөнгө угаасан байдлаар цагдан хоригдсон юм байхгүй. Ийм зүйлээр хагарган бутаргасан хэрэг хийсэн гэж үзэж байгаа нь дэндүү инээдтэй байна” хэмээн нэмж хэллээ.