Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр (2026.08.28) ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж, ойрын өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр явагдаж буй цуврал мэдээллийн асуудлыг хэлэлцжээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс эрүүгийн хэргийн яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбогдуулан, нэр бүхий шүүгчид болон хуулийн байгууллагын албан тушаалтнуудыг оролцуулсан мэдээллүүд олон нийтэд цацагдаад байгаа юм. Тухайлбал, "Монголын Пабло Эскобар-Урьхан" Б.Чинбатын картeлийн систем, Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага, мөн Шүүгч Э.Чанцалням нь Б.Чинбатын 15 тэрбум төгрөгийн залилан болон 5 тэрбум төгрөгийн татвараас зугтсан хэргийг цагаатгасан гэх агуулгатай мэдээллүүд гарсан билээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар дээрх асуудлууд нь холбогдох эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогдоогүй, мөн шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тодорхой давтамжтайгаар түгээж байгааг онцолсон байна. Энэ нь шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан бөгөөд шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзжээ.
Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олон нийтийг төөрөгдүүлсэн, илт гүтгэлгийн шинжтэй дээрх хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардан мэдэгдэл гаргасан байна. Шаардлагатай тохиолдолд шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хуульд заасан дараагийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ илэрхийллээ.





