• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Монголын Өсвөрийн Сэтгүүлчдийн Холбооноос зохион байгуулсан “Нэгдсэн зөвлөгөөн 2026” нээлттэй хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө

Монголын Өсвөрийн Сэтгүүлчдийн Холбооноос зохион байгуулсан “Нэгдсэн зөвлөгөөн 2026” нээлттэй хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө

2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хангарьд цогцолборын Их танхимд Монголын Өсвөрийн Сэтгүүлчдийн Клуб болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Нэгдсэн зөвлөгөөн 2026” нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүрэг болон Сэлэнгэ, Булган, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Увс, Ховд, Дорноговь, Дархан-Уул зэрэг аймгуудын өсвөрийн сэтгүүлчдийн клубийн төлөөллүүд идэвхтэй оролцлоо.

Зөвлөгөөний гол үр дүн ба хэлэлцсэн асуудлууд

  • Засаглал ба шинэчлэл: Байгуулагдсанаас хойших үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашдын алсын хараа, хөгжлийн бодлого, дүрэм болон дотоод журмын өөрчлөлтүүдийг танилцуулан баталлаа.

  • Удирдах зөвлөлийн шинэчлэл: Клубийн засаглал, үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох үүднээс Удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн тодорхойлов.

  • 2026-2027 оны үйл ажиллагааны төсөл: Клубийн Тэргүүн Х.Цолбон ирэх жилийн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулсан бөгөөд Монголын хүүхдийн хэвлэл мэдээллийн салбарын 100 жилийн ойн хүрээнд хүүхдэд тулгамдаж буй асуудлын шийдлийг бодит оролцоонд нь суурилан тодорхойлох төслийг баталлаа.

Зөвлөгөөний хүрээнд Ерөнхий Нарийн бичгийн дарга А.Эрхэмхүслэн нээлттэй хэлэлцүүлгийг чиглүүлэн явууллаа. Панел хэлэлцүүлгээр:

  • Сошиал медиа болон өнөөгийн хэвлэл мэдээллийн сүлжээний хүүхдийн сэтгэц, хөгжилд үзүүлж буй нөлөө,

  • Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах бодит байдал,

  • Шинэ зууны хүүхдийн хэвлэл мэдээллийн салбарт хүүхдийн шууд оролцоотойгоор эерэг, гэрэл гэгээтэй орон зайг бий болгох чиглэлээр нээлттэй санал бодлоо солилцлоо.

Монголын Өсвөрийн Сэтгүүлчдийн Клуб нь цаашид хүүхдийн эрх, ёс зүйг дээдэлсэн сэтгүүл зүйг төлөвшүүлж, тэдний хөгжлийг дэмжсэн аюулгүй, эерэг мэдээллийн орчныг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.