Улсын нэгдүгээр төв эмнэлгийн (УНТЭ) Цөмийн онош зүйн тасаг Монгол Улсад анх удаа ⁹⁹ᵐTc-HYNIC-PSMA СПЭКТ/КТ оношилгоог эмнэлзүйн практикт амжилттай нэвтрүүлж, түрүү булчирхайн хорт хавдрыг өндөр нарийвчлалтай илрүүлэх шинэ боломжийг нээлээ.
Энэхүү дэвшилтэт технологи нь түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдэд онцгой өвөрмөцөөр илэрдэг PSMA уурагтай холбогдон ажилладаг цөмийн оношилгооны орчин үеийн арга юм. Ингэснээр хавдрын үндсэн голомт болон биеийн бусад хэсэгт үсэрхийлсэн байдлыг эрт үед нь, маш тодорхой дүрслэн илрүүлэх боломж бүрдэж байна.
Шинэ технологийг нэвтрүүлснээр дараах ач холбогдолтой:
-
Өндөр нарийвчлал: Хавдрын голомт болон үсэрхийллийг эрт үед нь тодорхойлох
-
Үе шатыг тодорхойлох: Өвчний тархалт, үе шатыг оновчтой үнэлэх
-
Эмчилгээний төлөвлөлт: Оношилгооны дүнд үндэслэн эмчилгээний тактикийг хамгийн үр дүнтэйгээр сонгох
-
Хүртээмж болон өртөг: Харьцангуй бага өртөгтэй, иргэдэд хүртээмжтэй цөмийн оношилгооны шийдлийг санал болгох
-
Дараагийн шатны суурь: Цаашид ¹⁷⁷Lu-PSMA радиолиганд эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх үндсэн бэлтгэлийг хангаж байгаа юм.
Энэхүү орчин үеийн технологийг нутагшуулснаар манай улсын иргэд заавал гадаад руу явалгүйгээр эх орондоо түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежментийг дэлхийн түвшинд авах боломжтой болж байна.
УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн хамт олон дэвшилтэт технологийг эмнэлзүйн практикт тасралтгүй нэвтрүүлж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг ахиулахаар ийнхүү амжилттай ажиллаж байна.





