• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүллээ

Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүллээ

Хотын дарга асан Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татан Авлигатай тэмцэх газраас шалгаж, цагдан хориод байгаа билээ. Тэгвэл уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Хэргийн талаар тодруулбал:

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай, түүний төрсөн дүү буюу “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн захирал Т.Мөнхдалай, тус газрын “Тойрог авто зам” төслийн захирал А.Е болон нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Н.Б нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.

Тэд “Шинэ тойрог авто зам” төслийн 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон зураг төсөл боловсруулах тендерийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн явцад бусдад хууль бусаар давуу байдал олгох зорилгоор ажлын даалгаврыг өөрчилсөн байна.

5.2 тэрбум төгрөгийн хахууль ба мөнгө угаасан асуудал:

Т.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Анхтуяагийн  үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан  нь тогтоогджээ.