• Нүүр
  • Мэдээний өрөө
  • УИХ-ын төлөөлөл БНСУ-ын Үндэсний Ассамблейн удирдлагатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцов

УИХ-ын төлөөлөл БНСУ-ын Үндэсний Ассамблейн удирдлагатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцов

Монгол Улсын Их Хурлын төлөөлөл Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн удирдлага, гишүүдтэй албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа болон БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашиг, виз олголтын нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хөндлөө.

Уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн Дэд дарга Нам Ин Сүн, БНСУ-ын Ардчилсан намын дарга, Үндэсний Ассамблейн гишүүн Ким Мин Сог болон Үндэсний Ассамблейн гишүүн Со Ён Сок, Ким Жүн Хёг нар оролцсон бөгөөд талууд дараах гол асуудлуудаар санал солилцож, арга хэмжээ авахаар тогтов:

  • Визийн шийдвэрлэх хугацааг богиносгох: БНСУ-ын виз олгох хугацааг одоогийн 30 хоногоос бууруулж, 14 хоногийн дотор шийдвэрлэх хүсэлтийг БНСУ-ын тал яаралтай судалж, шийдвэрлэхээр ажиллахаа илэрхийлэв.
  • Паспорт хураах практикийг өөрчлөх: Виз мэдүүлсний дараа шийдвэр гартал иргэдийн гадаад паспортыг удаан хугацаагаар хураан авдаг одоогийн журмыг шинэчилж, иргэдийн зорчих эрх, хувийн хэрэгцээг хангах уян хатан зохицуулалт нэвтрүүлэхээр боллоо.
  • Оюутны тэтгэлгийг нэмэгдүүлэх: БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах монгол залуусын тоог өсгөж, боловсролын хамтын ажиллагааг шат ахиулахаар тохиролцов.
  • Оршин суух эрх зүйн орчныг сайжруулах: Солонгос улсад хууль бус статустай амьдарч буй монгол иргэдийн хүний эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга замыг хамтран эрэлхийлэхээр санал нэгдэв.

Уулзалтын үеэр талууд парламент хоорондын түншлэлийг зөвхөн төрийн түвшинд бус, хоёр орны иргэдийн бизнес, аялал жуулчлал, боловсрол болон хүмүүнлэгийн харилцаанд бодитой нөлөөлөхүйц үр дүнд чиглүүлэн хөгжүүлэх нь нэн чухал болохыг онцоллоо.