• Нүүр
  • Мэдээний өрөө
  • COP 17: 50-60 хэвлэлд 8 тэрбум төгрөг төсөвлөсөн ч зарцуулалт тодорхойгүй байна

COP 17: 50-60 хэвлэлд 8 тэрбум төгрөг төсөвлөсөн ч зарцуулалт тодорхойгүй байна

Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн том индэр болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна. Хурлын хугацаа ойртож, 80 гаруй хоног үлдээд байгаа бөгөөд бэлтгэл ажил 50 гаруй хувьтай, урьдчилсан байдлаар 700-800 орчим нэгж ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгааг албаныхан мэдээлж буй.

Гэвч энэхүү нүсэр хурлын цаана олон нийтийн анхаарлыг татаж, зайлшгүй тодруулах шаардлагатай хэд хэдэн ноцтой асуудал, шүүмжлэлүүд дагалдаж байна.

Санхүүгийн бүрхэг байдал ба Хэвлэл мэдээллийн 8 тэрбум төгрөг

Хамгийн их анхаарал татаж буй асуудал бол хурлын төсөв, түүний зарцуулалт юм. Өнөөдрийг хүртэл урьдчилсан байдлаар тусгагдсан 300 гаруй тэрбум төгрөг яг юунд зарцуулагдсан нь тодорхойгүй, ажлын үр дүн, явц муу байгаа талаарх шүүмжлэлүүд тасрахгүй байна.

Ноцтой баримт: Зөвхөн хэвлэл мэдээлэл, сурталчилгааны зардалд 8 гаруй тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд 50-60 орчим хэвлэл мэдээллийн сайттай гэрээ байгуулсан байна. Өмнөх хугацаанд үрэгдсэн эдгээр мөнгөнүүд чухам юунд зарцуулагдсан нь өнөөг хүртэл бүрхэг байгаа төдийгүй, гэрээний хүрээнд ажлаа хийгээд мөнгөө авах гэсэн, эсвэл ажлаа хийгээгүй ч мөнгөө авсан гэх зэрэг санхүүжилтийн маргаантай асуудлууд үүсээд байна. Эдгээр гэрээ хийгээд ажлын тайланг үзэж харсан зүйл байхгүй байгаа нь хардлага дагуулж байна.

24 Тэрбумын түр байгууламж ба Аудитын зөрчил

Хуралд зориулж 24 орчим тэрбум төгрөгөөр "түр байгууламж" барихаар төлөвлөж байгаа асуудал хөндөгдлөө. Олон арван тэрбумаар түр байгууламж барих нь эдийн засгийн хувьд үр ашигтай эсэх, хурал дууссаны дараа хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь эргэлзээтэй.

Түүнчлэн БОАЖЯ-ны дотоод аудитаар COP-17-ийн бэлтгэл ажилтай холбоотой шалгалт оруулахад тодорхой хэмжээний зөрчил дутагдлууд илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан  Ажлын албаны даргыг өөрчилсөн бөгөөд цаашид энэхүү асуудал АСЕМ-ын сонсгол шиг удирдлагуудыг нээлттэй сонсголд дуудах хэмжээний нөхцөл байдалд хүргэж болзошгүйг эх сурвалжууд сануулж байна.

Бразилын сургамж ба Байршлын маргаан (Үндэсний цэцэрлэгт хүрээлэн)

Өнгөрсөн жил Бразил улсад зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн хурлын үеэр Амазоны ширэнгэн ой буюу өөрсдийн цор ганц ногоон баялаг, экосистем бүхий бүс нутагтаа уг арга хэмжээг зохион байгуулснаас үүдэж, дэлхий нийтийн маш том шүүмжлэлд өртөж байсан гашуун түүх бий.

Монгол Улс ч мөн адил энэ алдааг давтах эрсдэл тулгараад байна. Учир нь COP-17-ын гол арга хэмжээнүүдийг Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэр, ганц ногоон орчин болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр зохион байгуулахаар төлөвлөж буй нь зарчмын хувьд буруу, байгаль орчинд халтай шийдвэр хэмээн мэргэжилтнүүд эрс шүүмжилж байна.

Монгол Улсад үлдэх өгөөж нь юу байх вэ?

Манай улс газар нутгийнхаа 70 гаруй хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн, дэлхийд цөлжилтөөрөө эхний 10-т бичигддэг харамсалтай үзүүлэлттэй улс. Тиймээс энэ хурлыг зохион байгуулах нь бодлогын түвшинд ач холбогдолтой ч "Хурлаас цааш Монголд юу үлдэх вэ, үр ашиг нь юу байх вэ?" гэдэгт иргэд хариулт нэхэж байна.

Одоогоор Монгол Улсын зүгээс тус хурлын үеэр олон улсад 3 гол санаачилгыг дэвшүүлэхээр бэлтгэж байна. Үүнд:

  • Бэлчээрийн менежмент

  • Ус болон газрын менежмент

  • Байгальд суурилсан шийдэл ба дэд бүтэц

Эдгээр санаачилгын хүрээнд дотоодын хувийн хэвшил, төрийн байгууллагуудаас төслийн саналуудыг авч эхэлсэн байна.

Дэлхийн хэмжээний томоохон хурлыг эх орондоо зохион байгуулах нь нэр хүндтэй хэрэг боловч, түүнийг дагасан санхүүгийн урсгал шилэн, үр ашигтай байх ёстой. Илэрсэн аудитын зөрчил, хэвлэл мэдээллийн үр дүнгүй зардлууд, ундны усны эх үүсвэр дээр баригдах түр байгууламжийн асуудлуудыг яаралтай засаж залруулахгүй бол COP-17 нь байгаль хамгаалах биш, байгаль орчин болон улсын төсөвт хохирол учруулсан ээлжит нэгэн "Ажлын албаны найр" болон хувирах эрсдэлтэй байна. Хурлаас өмнөх 80 гаруй хоногт зохион байгуулагчид эдгээр асуултад бодитой хариулт өгөх шаардлагатай.