Улаанбаатар хот метро, дүүжин тээвэр, шинэ цахилгаан станц, хурдны зам гэх мэт "24 мега төсөл"-ийг хэрэгжүүлж, олон ажлыг эхлүүлээд байна. Зарим төсөл нь хэдийн гараанаас гарч, зарим нь энэ онд бариандаа орохоор төлөвлөгдөж буй. Гэвч энэхүү их бүтээн байгуулалтын цаана ноцтой нэгэн зүй тогтол ажиглагдаж байгаа нь "гараанаас гарсан" томоохон төслүүдийг дандаа Хятад компани эсвэл Хятад эзэнтэй гаднын компаниуд гүйцэтгэж буй явдал юм.
1. ДЦС-5: Камбож улсаар "халхавчилсан" Хятад эзэд
Улаанбаатар хотод баригдахаар төлөвлөж буй Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих эрхийг "Митайм Интернэйшнл" компани авсан. Уг тендерт "Шунхлай Холдинг", "Чайна Уэстэрн Повер Индастриал" зэрэг компаниуд хасагдаж, Камбож улсад харьяалалтай гэх "Митайм Интернэйшнл" шалгарсан билээ.
Энэхүү гэрээг хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн оны аравдугаар сард үзэглэсэн бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гэвч бодит байдал дээр:
- "Митайм интернэйшнл" нь 2018 онд байгуулагдсан, Монголд "Митайм Монголиа" нэрээр үйл ажиллагаа явуулдаг.
- Тус компанийн гүйцэтгэх захирал нь БНХАУ-ын иргэн Тиан Хао Мин, эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Жао Жиэ байна.
- Ингэснээр Камбожийн нэрээр халхавчилсан Хятад эзэнтэй компани ДЦС-5-ыг барихаар болжээ.
2. Туулын хурдны зам: Хятад компанийн ялалт
"Туулын хурдны зам"-ын ажлын тендерийг хоёр удаа зарласан бөгөөд 2025 оны нэгдүгээр сард зарласан тендерт оролцсон "Poly Changda Engineering", "Longjian road&bridge", "Shandong Luqiao Group" зэрэг компаниудыг "Шаардлагад нийцээгүй" хэмээн татгалзсан байна.
Эцэст нь "China Hyway Group Limited" компани шалгарчээ. Энэхүү компанийн талаарх анхаарал татах баримтууд:
- Тус компани нь 2008 онд Хонконгт бүртгэлтэй хөрөнгөөр байгуулагдсан.
- Ерөнхийлөгч нь Ху Жиамин гэх хүн байдаг.
- Бүтээн байгуулалтын ажлыг энэ оны гуравдугаар сарын 15-нд эхлүүлж, 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна. Гэвч байгаль орчинд нөлөөлөх судалгаанууд дутуу гэх асуудлаас үүдэн ажлыг зогоосон. 2,3 их наядын төсөвтэй 33 км замын ажлын өртөг зардлыг ч эргэж харах шаардлагатай тухай эх сурвалжуудын шүүмжлэл хөвөрч байна
3. Сэлбэ дэд төв: Орон сууцны тендерийг "эзэлсэн" байдал
"Сэлбэ дэд төв"-ийн бүтээн байгуулалтын хүрээнд 10,063 айлын 113 блок орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг цогцоор нь барих юм. Энэхүү тендерийн сонгон шалгаруулалтад хоёр Хятад компани гурван багцыг тус тус авсан байна:
- Багц-1 (373 тэрбум төгрөг): Си Эс Эм Си
- Багц-2 (453 тэрбум төгрөг): "China Construction Sixth Ergineering Bureau Corp Ltd
- Багц-3.1 (175 тэрбум төгрөг): "China construction fifth engineering bureau ltd"
Дүгнэлт: Дотоодын ААН-үүд яагаад “томордоггүй” вэ
Өнгөрсөн хугацаанд эрх баригчид үндэсний компаниудаа дэмжих бодлого бус татварын дарамттай бодлогоор хангаж ирсэн . Сүүлийн жишээ нь Хотын дарга Х.Нямбаатар дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжихээс илүү гадаадын хуулийн этгээдийг дэмжсэн гэмээт бодлого хэрэгжүүлж ирсэн нь дээрх жишээнээс тод харагдана. Томоохон төслүүдийг Хятад компаниудад өгсөөр байна. Сэлбэ дэд төвийн ажилд л гэхэд 70 хувь нь Хятад компаниуд болсон гэх сүүлийн мэдээлэл байна. Энэ нь нэг талаар удирдлагын хандлага боловч, нөгөө талаар бизнесийн салбарын нэгдмэл бус байдал, сул талтай холбоотой. Бизнесийнхэн хүчирхэг байхын тулд нэгдмэл хүч болох шаардлагатай байгаа бөгөөд үүний тулд Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг батлах нь чухал юм. Хэрэв энэ хууль батлагдахгүй, Танхим хүчирхэгжихгүй бол Монголын бүтээн байгуулалт гаднынхны нөлөөнд бүрэн автах эрсдэл байсаар байна. Одоогийн дүр зургаар бол хувийн хэвшил чадахих, ажлын байр нэмэгдэх, эдийн засгаа төрөлжүүлэх тухай томоохон ажлууд ярианы сэдэв хэвээр байх юм





