Монгол Улс 1990 онд ардчилсан хувьсгал хийснээр улс төрийн эрх чөлөөгөө олж авсан ч эдийн засгийн эрх чөлөөгөө бүрэн олж авч чадаагүй, өнөөдрийг хүртэл социалист арга барилаасаа салаагүй байна. Үүний тод жишээ бол нийт ажил эрхэлж буй хүмүүсийн дөрвөн хүн тутмын нэг нь буюу 24-25 хувь нь төрийн албанд ажиллаж байгаа явдал юм. Либертари намын гол зорилго, төрийн данхар бүтцийг цомхотгож, эдийн засгийн эрх чөлөөг хэрхэн авчрах талаар тус намын дарга Э.Оргил-Эрдэнэтэй ярилцлаа.
"Төр бүх зүйлд оролцож, хувийн хэвшлийн орон зайг хавчин, 'халамжийн төр'-ийг бүтээсэн"
- Манай улсад төрийн оролцоо хэт өндөр байгааг та шүүмжилдэг. Өнөөдөр бодит тоо баримт ямар түвшинд байна вэ?
Өнөөдөр манай улсад төрийн албан хаагчдын тоо 220 гаруй мянгад хүрч, төрийн өмчит компаниудад 60 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажил хөдөлмөр эрхэлж буй 1 сая 150 мянган иргэнтэй харьцуулахад дэндүү өндөр үзүүлэлт юм. Төр бүх зүйлд оролцож, хувийн хэвшлийн орон зайг хавчин, "халамжийн төр"-ийг бүтээсэн нь иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээх эрмэлзлийг унтрааж байна. Хөгжсөн Азийн орнуудад энэ үзүүлэлт ердөө 6-10 хувьтай байдаг бөгөөд манай улсын төрийн оролцоо хэт өндөр байгааг Либертари нам онцолж байгаа юм.
- Халамжийн тогтолцоо хариуцлагаас зугтах сэтгэлгээг бий болгож байна гэж та үзэж байна уу?
Тийм ээ, халамж нэмэгдэх тусам хүмүүс хариуцлагаас зугтаж, төрөөс хамааралтай болдог бөгөөд үүний уршгаар залуучууд эх орондоо ажиллахаас илүү гадагшаа явахыг илүүд үзэх болсон. Эрх чөлөө гэдэг бол хариуцлага бөгөөд хүн өөрөө өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж, гэр бүлээ тэжээж, бизнесээ өргөжүүлэх замаар нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой.
"Төр өөрөө баялаг бүтээдэггүй учраас данхар бүтцийг цомхотговол хувийн хэвшилд илүү их боломж нээгдэнэ"
- Төрийн энэхүү данхар бүтцийг цомхотгох ямар гарц, шийдэл байна вэ? Олон улсын туршлагаас хуваалцвал?
Үүний тулд төрийг жижиг, цомхон болгох шаардлагатай. Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей ажлаа аваад эхний 100 хоногтоо төрийн албыг 30 хувиар цомхотгосон шиг зоримог шинэчлэл манайд үгүйлэгдэж байна. Төр өөрөө баялаг бүтээдэггүй учраас данхар бүтцийг цомхотговол хувийн хэвшилд илүү их боломж нээгдэж, баялаг жинхэнэ утгаараа бүтээгдэх болно.
"Бид сонгуулийн үеэр том намуудын хийдэг шиг 'санал худалдаж авах' башир аргаас татгалзана"
- Либертари намын хувьд бусад улс төрийн хүчнүүдээс юугаараа ялгарах вэ? Санхүүжилтээ хэрхэн шийддэг вэ?
Либертари нам бол үзэл санаа, идеологиор нэгдсэн шинэ залуу хүчин юм. Бидний хувьд эрх чөлөөний үзэл санаа нь үйл ажиллагааных нь луужин бөгөөд намын дотоод асуудлыг ч дүрмийн дагуу шийдвэрлэж, цэвэр тунгалаг байдлыг эрхэмлэнэ. Түүнчлэн сонгуулийн үеэр том намуудын хийдэг шиг "санал худалдаж авах" башир аргаас татгалзаж, гишүүдийнхээ татвар, дэмжигчдийн хандиваар санхүүжиж, цэвэр бодлогын өрсөлдөөнийг бий болгохоор зорьж байна.





