Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC-д Монгол тулаанч Түмэндэмбэрэлийн Нямжаргал 2 дахь тулаанаа энэ ням гарагийн өглөө хийх гэж байна. Тэрээр UFC 312 эвентийн нээлтийн тулааныг БНСУ-ын тулаанч Пак Хён Сунг-ийн эсрэг хийх юм.
Т.Нямжаргал нь Монгол улсаас UFC холбоонд гэрээ байгуулж тулалдсан 2 дахь тамирчин бөгөөд одоогоор тус холбоонд тулалдаж буй цор ганц тулаанч юм. Өдгөө 26 настай тэрээр өнгөрөгч оны 11 сарын 23-нд UFC холбоонд анхны тулаанаа АНУ-ын тулаанч Карлос Хернандезийн эсрэг хийж шүүгчдийн хуваагдсан саналаар ялагдсан билээ. Тэгвэл энэ удаа түүний өрсөлдөгч 29 настай мэргэжлийн замналдаа 9 ялалт байгуулж нэг ч ялагдаагүй яваа БНСУ-ын шилдэг тулаанчдын нэг юм. Энэ тулааныг дэлхийн холимог тулаан сонирхогчид хамгийн өрсөлдөөнтэй, үзүүштэй тулаан гэж онцгойлон хүлээж байна. Т.Нямжаргалын хувьд Монголын холимог тулааны MGL-1 болон Япон улсын Гладиатор холбооны аварга бөгөөд мэргэжлийн замналдаа 9 тулаан хийж 8 ялалт 1 ялагдал гэсэн рекордтой явж байна.