Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа болон иргэдийн хувьцаатай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу мэдээлэл өглөө.
132 мянган иргэний хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлнэ
Энэ удаагийн хуралдааны хамгийн онцлох шийдвэр нь нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцааг тэдний үр хойч, хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэх тухай байв. Судалгаагаар 2012 онд хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар 132 мянга орчим иргэн нас баржээ.
Тогтоол гарсантай холбоотойгоор Иргэний хуульд заасан хамаарал бүхий этгээдүүд болох эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл садан нь тухайн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авах харилцаа нээгдэж байгааг Н.Цэрэнсамбуу онцоллоо. Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хуримтлагдсан өмнөх дөрвөн удаагийн ногдол ашиг болох 66 орчим тэрбум төгрөгийг өвлөгчид нь авах боломжтой болж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд олон улсын хараат бус аудит хийгдэж байгаа бөгөөд үүний дараа хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг хийх юм. Ингэснээр одоогийн 933 төгрөгийн нэрлэсэн үнэ зах зээлийн бодит үнэлгээгээр тогтоогдох бөгөөд 2026 онд багтаан компанийг нээлттэй болгохоор төлөвлөжээ.





