• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгах хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ

Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгах хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын төсвийн зарцуулалт болон хэрэгжиж буй томоохон мега төслүүдтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагууд хуульд заасан тусгай ажиллагааг эхлүүлээд байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нийслэлийн төсвийн зарцуулалттай холбоотой ноцтой мэдээлэл иржээ. Уг мэдээлэлд:

“Нийслэл Улаанбаатар хотын төсвийн зарцуулалт хаалттай, үр ашиггүй байна. Хотын нийт зарлага 1.2 их наяд төгрөгөөс 5.8 их наяд төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө нь тодорхойгүй, хяналтгүй байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүд үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагатай. Иймд нийслэлээс хэрэгжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэсэн байна.

Хуулийн байгууллага уг мэдээллийг хүлээн авч хянан үзээд, үндэслэлтэй гэж үзсэн тул маргааш нь буюу 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) зааснаар 260200510 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Төсвийн дүн өндөр, шалгах асуудал нь өргөн хүрээг хамарч байгаа тул Улсын ерөнхий прокурорын газрын 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр дараах байгууллагуудын хамтарсан Ажлын хэсгийг байгуулсан байна.

  • Авлигатай тэмцэх газар (АТГ)

  • Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)

  • Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)

Ямар төслүүдийг, яаж шалгаж байна вэ?

Хэрэг бүртгэлтийн 260200510 дугаартай хэргийн хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг нарийвчлан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны гол чиглэл нь:

  1. Төслүүдийн сонгон шалгаруулалт хууль бус зохион байгуулагдсан эсэх,

  2. Төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг тогтооход чиглэж байна.

Одоогийн байдлаар хамтарсан ажлын хэсэг олон нийтийн анхаарлын төвд байгаа дараах томоохон төслүүдийн урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хянан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна. Үүнд:

  • “Улаанбаатар метро төсөл”

  • “Туулын хурдны зам”

  • “Сэлбэ 20 минутын хот”

  • “Шинэ тойрог авто зам”

Нийслэлийн төсөв болон мега төслүүдийн зарцуулалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнгийн талаар хуулийн байгууллагуудаас тухай бүрд нь олон нийтэд мэдээлэх юм байна.