• Нүүр
  • Мэдээний өрөө
  • СҮЗҮНЭ: Монгол залуусын загварын мэдрэмж намайг үнэхээр гайхшруулсан

СҮЗҮНЭ: Монгол залуусын загварын мэдрэмж намайг үнэхээр гайхшруулсан

Сүүлийн үед сошиал медиад Монгол орны соёл, амьдралын хэв маягийг харуулсан сонирхолтой контентуудаараа олон хүний танил болоод буй Япон улсын иргэн Сүзүнэтэй ярилцлаа. Тэрбээр Монголд ирээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд манай улсын талаарх сэтгэгдлээсээ ийнхүү хуваалцсан юм.


- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу. Монголд анх хэзээ ирж байв?

Сайн байна уу. Намайг Намэки Сүзүнэ гэдэг. Би өнгөрсөн оны зургаадугаар сард найзуудынхаа хамт Монголд анх аялахаар ирж байсан юм. Харин энэ удаа ажил хэргийн шугамаар ирээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Танд болон уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.

- Монголд ирэхэд хамгийн түрүүнд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Монгол хүмүүс үнэхээр найрсаг, дулаахан зан чанартай санагдсан. Энд ирэхдээ би хэнийг ч танихгүй, юу ч мэдэхгүй ирсэн шүү дээ. Гэтэл хамт олон, найз нөхөд маань төдийгүй гудамжинд зөрөн өнгөрөх танихгүй хүмүүс хүртэл маш их тусалж, дэмжиж байгаад үнэхээр их баяртай байгаа.

- Видеон дээр монголоор маш хөөрхөн ярьж байна лээ. Монгол хэлийг хэзээнээс сурч эхэлсэн бэ, сурахад хэр хэцүү байна?

Баярлалаа (инээв). Монгол хэлийг сурч эхлээд долоон сар орчим болж байна. Монгол хэл үнэхээр маш хэцүү. Зугтмаар санагдах үе ч гардаг (инээв). Дундаас нь орхиод л, дахиж сураад л явж байна. Хоёр сарын өмнө Монголд ирээд бүр идэвхтэй сурч эхэлсэн.

- Монголын тухай контент бүтээх санаа анх хэрхэн төрсөн бэ?

Би өмнө нь Өмнөд Солонгост амьдардаг байсан юм. Тэнд байхдаа монгол найзуудтайгаа нийлж, тэднээс Монголын хөгжим, соёл, амьдралын хэв маягийн талаар маш их зүйл сурч мэдсэн. Энэ нь намайг Монголыг зорих, улмаар контент хийхэд маш том түлхэц болсон. Миний гол зорилго бол япончуудад Монголын талаарх бодит мэдээллийг хүргэх, мөн монголчуудад Японы соёлыг таниулах явдал юм.

- Солонгост байхдаа монгол хөгжим сонсдог байсан гэлээ. Ямар хамтлаг, дуучид илүү таалагддаг вэ?

Би өөрөө поп, хип хоп хөгжимд илүү дуртай. Монгол уран бүтээлчдээс Davaidasha, Icetop, Gangbay нарын дуунуудад дуртай, маш их сонсдог. Хөгжим нь үнэхээр гоё байдаг.

- Монголд амьдрах хугацаанд таныг хамгийн их гайхшруулсан зүйл юу байв?

Монголчуудын загварын мэдрэмж намайг үнэхээр гайхшруулсан. Бүгд маш загварлаг. Тэр дундаа ахлах сургуулийн сурагчдын дүрэмт хувцсаа өмсөж буй байдал нь маш өвөрмөц санагддаг. Дүрэмт хувцас нь яг ижилхэн мөртлөө хүүхэд бүр өөр өөрийн хэв маягт тохируулж, өөрчилж өмсдөг нь үнэхээр гоё харагддаг шүү.

- Япончуудын Монголын талаарх төсөөлөл, бодит байдал хоёр хэр зөрүүтэй санагдсан бэ?

Япончууд Монгол гэхээр ихэвчлэн зөвхөн морь, сумо бөх, уудам хөдөө тал гэж л төсөөлдөг. Гэвч яг ирээд үзэхээр хотын соёл, залуусын загвар, байгаль, шөнийн одод гээд маш олон талтай, баялаг соёлтой орон гэдгийг олж харсан.

- Цаашдын зорилго, төлөвлөгөөгөө хуваалцахгүй юу. Монголд хэр удаан амьдрах вэ?

Би Монголд ойролцоогоор 2-3 жил амьдрахаар төлөвлөж байгаа. Энэ хугацаандаа өөрийнхөө монгол хэл сурч буй явцыг хүмүүст нээлттэй харуулж, цаашлаад Монголыг зорих япончуудын тоог нэмэгдүүлэх, хоёр орны харилцаанд эерэг нөлөө үзүүлэхүйц сонирхолтой контентуудыг үргэлжлүүлэн бүтээх зорилготой байна.

- Ярилцсанд баярлалаа. Төлөвлөсөн ажлуудад нь амжилт хүсье.

Баярлалаа.